Хууль сахиулахын их сургууль (ХСИС) дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг барьж, өчигдөр нээлээ. Тус сургууль хичээлийн шинэ байртай болсон учир сургалтын хуучин тэнхимээ тохижуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн салбар болгожээ. Үүдээ нээж буй цэцэрлэгт ХСИС-ийн багш, албан хаагч, ажилчдын 105 хүүхэд суралцана. Мөн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн, тус хорооны 95 хүүхдийг нэмж авах юм байна.
Цэцэрлэгийн нээлтийн үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Байгууллагын цэцэрлэг”-ийг хөгжүүлэх ажилд яамны харьяа агентлаг, байгууллагуудаас Хууль сахиулахын их сургууль тэргүүлэн 200 хүүхдийн цэцэрлэг байгуулан, ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Цаашид ийм ажил олныг санаачилна” гэсэн юм.
Уг цэцэрлэг ашиглалтад орсноор ХСИС-ийн ажилчид төдийгүй хорооны иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой нэмэр болж буйг албаныхан хэлж байв. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авахад гардаг хүндрэл багасах, ажлын бүтээмж өсөх, гэртээ багачуудаа хардаг байсан эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болох зэрэг таатай орчин бүрдэж буйг тэд онцолж байв. Дашрамд, уг цэцэрлэг байгуулагдсанаар шинээр 27 хүн ажлын байртай болжээ.