Манай орны агаарын хилээр дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоо нэмэгдсэн гэдэг таатай мэдээг Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүллээ. Тодруулбал, ОХУ-ын “Азур эйр” ХХК энэ сарын 3-наас эхлэн Монгол Улсын агаарын зайгаар олон улсын зорчигч тээврийн онгоцнуудаа дамжин өнгөрүүлж эхэлсэн байна.
“Азур эйр” ХХК 2016-2017 оны өвлийн улирлын хуваарьт өнгөрөлтийн нислэг үйлдэх хүсэлтээ ИНЕГ-т ирүүлэн, холбогдох зөвшөөрөл авсан бөгөөд Москва-Cанья-Москва чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нисэх юм. Тус компани энэ өвлийн турш нийтдээ 192 удаа нислэг үйлдэх аж. Олон улсын дамжин өнгөрөх нислэгийн тоо ийн нэмэгдэхийн хэрээр агаарын навигацын үйлчилгээ үзүүлсний хөлсөнд манай улс багагүй мөнгө авах юм.