Манай банкны системийн чанаргүй зээл энэ жил анх удаа нэг их наядын босго давлаа. Энэ үзүүлэлт аравдугаар сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас хоёр, жилийн өмнөх үеэс 30 орчим хувиар тэлэв. Эдийн засаг 2009 оноос хойш анх удаа агшин, аж ахуйн нэгжүүдийн орлого багасаж, үйл ажиллагаа нь саарснаас зээлийн чанар ийнхүү үргэлжлэн муудсаар буй. Одоогоор арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээний зээл түгжээтэй байна. Тиймээс түгжээг нь мулталж, “үхмэл” активыг хөдөлгөх хэрэгтэй юм.
Өмнөд хөршийн маань хөгжлийн таван гол чиг хандлагын нэг нь хотжилт хэмээн судлаачид онцолсон байдаг. Тус улсын Засгийн газраас хотжилтыг дэмжих бодлого хэрэгжүүлснээр хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл эрчимжиж, асар богино хугацаанд манай нийслэлээс ч олон хүн амтай хот хэдэн зуугаараа сүндэрлэв. Үүний зэрэгцээ Ордос зэрэг “сүнсэн” хотууд ч бий болсон сүүдэртэй тал байгаа. Хятадын хотжих явц хүн амынх нь амьжиргааны түвшний өсөлтөөс түрүүлснээс будаг нь ханхалсан шинэхэн хот, суурин газрууд эзгүйрсэн. Үүний уршгаар орон сууц үнэгүйдэж, барилгын салбарын зээлийн чанар хурдан мууджээ. Тиймээс Засгийн газраас санхүүжүүлэн актив удирдлагын компани байгуулах замаар арилжааны банкуудыг муу зээлээс нь салгаж байсан аж.
БНСУ-д 1997 оны Азийн хямралын үе болон 2000-аад оны эхэнд мөн банкны зээл чанаргүйдэх үзэгдэл газар авч байлаа. Тус улсын арилжааны банкууд бүх харилцагчаа кредит карттай болгосон нь хэрэглээний зээл огцом өсөхөд нөлөөлж, улмаар чанаргүйдэж эхэлжээ. Тус улсад мөн л актив удирдлагын компани байгуулж, асуудлаа шийдсэн юм. Энэ компани нь банкууд дахь муудсан зээлийг багцалж, хямд үнээр худалдан авах замаар ачаанаас нь хөнгөлөх зорилготой байсан аж. Жишээлбэл, 10 банкны активт хуримтлагдсан 100 тэрбум төгрөгийн муу зээлийг энэ компани барьцаа хөрөнгөтэй нь 30-40 тэрбумаар хямдруулан худалдан авч, өөртөө төвлөрүүлнэ. Ингэснээр банк муу зээлээсээ ангижран, зах зээлд шинэ “цус сэлбэх” боломж гарна. Мөн актив удирдлагын компани ч зээлийн эргэн төлөлт болон барьцаа хөрөнгө борлуулсны орлогоос ашиг олох боломжтой юм. Казахстан, Филлипин, Тайланд зэрэг олон оронд энэ мэт жишээ байдаг аж. Чанаргүй зээл нэг их наядын босго давсан нь шар гэрэл асах түвшинд хүрсэн гэж судлаачид хэлж байна. Тиймээс үүнийг нэг дор төвлөрүүлж, “эмчилгээ хийдэг” бие даасан институц бий болгох нь чухал юм. Ингэснээр арилжааны банкууд, санхүүгийн зах зээлд идэвхтэй ажиллах боломжтой.
Ер нь банкны системийн хэмжээнд зээл чанаргүйдэх үзэгдэл дэлхийн аль ч оронд гардаг. Манайд ч эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан өсөж буй. Тиймээс гадаадын орнуудын энэ мэт туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэйг эдийн засагчид сануулж буй. Энэ чиглэлээр актив удирдлагын компани байгуулах, хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгох талаар сүүлийн жилүүдэд тусгайлан судалгаа хийсэн. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл болон Засгийн газрын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгажээ.
“Энэ компани арилжааны банк бүрийн чанаргүй активыг өөр дээрээ шилжүүлж аваад, зээлийг нь эргүүлэн төлүүлэх зорилгоор ажилладаг, бие даасан институц байхаар тооцсон юм. Олон улсад ч ийм л байдаг. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад ийм бүтэц зайлшгүй шаардлагатай. Харин манай улсад активын удирдлагаар мэргэшсэн ийм байгууллага алга. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж буй тул яаралтай ийм институц бий болгох хэрэгтэй” хэмээн нэгэн банкир ярьсан юм.
Банкуудын нийт зээлийн 85 хувь нь хэвийн, үлдсэн хэсэг нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй ангилал руу шилжсэн гэсэн тооцоо бий. Түгжигдсэн актив нь өсөх тусам тэр хэрээр нэмж зээл гаргах боломж нь багасна. Тиймээс банкуудын чанаргүй зээлийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Одоогоор нийт муу зээлийн ихэнх хэсэг нь уул уурхай болон барилгын компанид ногдож байна. Экспортын орлого багасаж, гадаадын хөрөнгө оруулалт татран, эдийн засаг агшсанаас уул уурхай, барилгын олон төсөл гацсан. Үүнээс үүдэн зээлээ эргэн төлөх боломжгүй болж, барьцаа хөрөнгөө хураалгахдаа тулсан олон аж ахуйн нэгж бий. Гадаадын орнуудад актив удирдлагын компани нь тухайн төсөл болон компанийн хувьцаанд нь хөрөнгө оруулан үйл ажиллагааг нь сэргээх замаар чанаргүйдсэн зээлийг нь “анагааж”, эргүүлэн төлүүлдэг жишиг ч бий гэнэ. Иймд эхний ээлжинд хууль эрх зүйн орчныг нь яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан “Манай улсын банк санхүүгийн салбарын хөгжил харьцангуй өндөр түвшинд хүрсэн боловч активын удирдлагын түвшин хангалтгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, активуудаа хоёр, гуравдагч зах зээл рүү зардаг, эргэлтийг нь дэмжсэн дараагийн шатны удирдлага алга” хэмээн ярив.
Манай арилжааны банкууд нийлж актив удирдлагын компанийн суурийг тавьсан. Одоогоор тус компанийн ТУЗ-ийг бүрдүүлж, дүрмийг нь тохироод байгаа аж. Гэхдээ үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин тодорхой бус учир бойжих боломжгүй. Тиймээс энэ чиглэлээр ажиллах шаардлага бий. Доктор Ж.Дэлгэрсайхан “Актив удирдлагын компани байгуулах нь ач холбогдолтой. Гэхдээ манай хөрөнгийн зах зээлийн хөгжил сул учир гадаадын орнуудтай адил чанаргүйдсэн зээлийг түргэн эргэлтэд оруулах боломж бага” гэлээ. Тиймээс одоогоор хаалттай хүрээнд буюу банкуудын хэмжээнд ажиллах боломжтой аж. Ямартай ч банкны системд буй үхмэл активыг сэргээх хэрэгтэй байна. Энэ чиглэрээр эхний алхмаа ч хийсэн. Гэхдээ эдийн засаг хямарч, хөрөнгийн зах зээлийн хөгжил дорой үед Засгийн газар, Төвбанк бодлогоор дэмжиж байж үр дүн гарах боломжтой.