Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ажил аваад удаагүй байгаа ч банкнаас бусад салбарын санхүүгийн зах зээлд эзлэх нийт хувийг 10-15-д хүргэхээ амласан. Одоо уг үзүүлэлт ердөө 4-5 хувь байгаа юм.
-Санхүүгийн зах зээлийн дөрөвхөн хувийг л банкнаас бусад зах зээл бүрдүүлж байна. Үүнийг хэрхэн 10-15 хувьд хүргэх вэ. Зах зээлийг тэлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 гаруй хувийг банк, үлдсэн тав хүрэхгүй хувь нь үнэт цаас, даатгал зэрэгт ногдож буй. Сүүлийн 20 жилд банкны салбар үсрэнгүй хөгжиж, олон төрлийн шинэ бүтээгдэхүүн бий болсон бол хөрөнгийн зах зээлд хувьцаа, үнэт цаас, Засгийн газрын бонд л байна. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжил ямар байгааг харуулах нэг үзүүлэлт юм.
СЗХ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, эзлэх хувийг 15 хувь болгох зорилт дэвшүүлээд ажиллаж байна.
Үүндээ хүрэхийн тулд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалах санг хөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох зэрэг арга хэмжээг харилцан уялдаатайгаар дунд болон урт хугацааны бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. Эдгээрийг үе шаттай, зөв дэс дараалалтай хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь 15-д хүрэх боломж бүрдэх юм.
-Арилжааны банкны хүүнээс татвар авахгүй байгаа нь банкны салбарыг дэмжиж буй. Харин хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгийн орлогоос татвар авч буй нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хязгаарлаж байна.
Ийм нөхцөлд төрийн зохицуулагч байгууллагаас татварын ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогоос албан татвар суутган авч байгаа. Эмзэг, сул эдийн засагтай, хөрөнгийн зах зээлийн хөгжил муу, үр ашигтай санхүүгийн зуучлалын тогтолцоо бүрдээгүй манай орны хувьд энэ нь хувьцаат компаниудын ногдол ашиг тараах, хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох сонирхлыг бууруулах сөрөг нөлөөтэй.
Тиймээс бид гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд татварын зөв бодлого, хөшүүрэг хэрэглэх талаар тодорхой саналуудыг дэвшүүлэн тавихаар бэлтгэж байгаа.
-СЗХ банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх шийдвэр гаргасан. Зарим аж ахуйн нэгж үүнийг эсэргүүцэж байна. Ямар бодлогоор босгыг нь өндөрлөсөн юм бэ?
-Эдийн засаг хүндрэлтэй байна. Иргэдийн санхүүгийн чадавх эрс муудаж байгаа. Энэ л гол үндэслэл шүү дээ. Зах зээлд эрсдэлтэй нөхцөл үүсчихлээ. Үүнийг улам гүнзгийрүүлэхгүй байх, эрсдэлийг хумих, цаашлаад санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь чухал. Тиймээс энэ салбарт эрсдэлийг даван туулах чадавх бүхий мэргэжлийн компаниудыг бий болгох шаардлага тулгарсан.
Бид сэтгэлийн хөөрлөөр ийм шийдвэр гаргачихсан юм биш. Ингэж шийдэхийн тулд олон талын тооцоо, судалгаа хийсэн. Энэ бүхний үр дүнд шинээр тусгай зөвшөөрөл авах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой доод хязгаар 2.5 тэрбум төгрөг байна гэсэн хариу гарч ирсэн.
-Бичил санхүүгийн зах зээлийн мөнгөний урсгалаа нэмэгдүүлье гэвэл босгыг нь өндөрлөх бус, багасах хэрэгтэй юм биш үү?
-Өнөөдрийн байдлаар 509 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны хоёр, гуравдугаар улирлын тайлангаас харахад банк бус санхүүгийн салбарын нийт активын 30 хувь нь мөнгөн хэлбэрээр дансандаа байршиж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нэгд, зах зээлд хангалттай олон тооны ББСБ байгааг, хоёрт, иргэдийн орлого буурч, төлбөрийн чадвар муудсанаас эрсдэл өссөнийг харуулж буй. Зээлийн чанар улам муудаж байгаа.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 20 хувьд хүрсэн. Эдийн засгийн идэвхжил сайжрахгүй бол зээл улам л чанаргүйднэ. ББСБ-уудын тоо хангалттай олширсон ч зээлийн хүү буурахгүй, харин өсөх хандлагатай байна.
Мөн шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон СЗХ-ны шийдвэрийн талаар энэ зах зээл дээр ажиллаж, бизнес эрхэлж байгаа хүмүүсээс ямар нэгэн эсэргүүцэл гомдол санал ирээгүй.
-Валют арилжааны хар захынхан ханшийг сүүлийн үед хүчтэй хөөрөгдлөө. Үүнийг зарим эдийн засагч ББСБ-ууд (“Найман шарга”-ын ченжүүд) бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, иргэдэд худалдах, худалдан авахыг хязгаарласан хуулийг зөрчлөө гэж байна. Үүнийг шалгасан уу?
-Тухайн үед, тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 11, 12-нд бид ханшийн хэлбэлзэлд судалгаа, тандалт хийсэн. Валютын нийлүүлэлт багассан, банкууд доллар зарахгүй байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас болоод ханш огцом хөөрөгдсөн. Ченжүүд үгссэн, тохиролцсон гэх мэт хардлагын тухайд манай хорооны шалгах, шийдэх асуудал биш.
Өрсөлдөөний тухай хууль болон шударга өрсөлдөөний хяналтыг хэрэгжүүлдэг байгууллагын эрхлэх асуудал шүү дээ.
-Давхар даатгалаар энэ салбарын дийлэнх мөнгө гадагш урсдаг. Дотоодод давхар даатгалын корпорац байгуулна гэсэн яриа байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-Гадаадын давхар даатгагчид эрсдэлээ шилжүүлэх явдал харьцангуй их байгааг манай даатгалын компа ниудын эрсдэл даах чадвар султай холбон дүгнэж байгаа. Энэ оны эхний хагаст л гэхэд давхар даатгалд 60 тэрбум төгрөгийн хураамж гадагш төлсөн байна. Гэтэл сүүлийн таван жилд 11.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг л буцаан төлүүлсэн байгаа юм.
Тэгэхээр давхар даатгалын тогтолцоо, зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй. Мөн дотоодын давхар даатгагчийн хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ зах зээлд оруулах, гадагш урсаж буй хөрөнгийн тодорхой хувийг дотооддоо авч үлдэх шаардлага үүсээд байна. Үүний хүрээнд үндэсний давхар даатгалын компани байгуулах асуудлыг Засгийн газартай хамтран судалж байгаа.
-Энэ салбарт амьдралын даатгал гэх мэт шинэ үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Ипотекийн зээл авсан иргэд орон сууцны даатгалд хамрагддаг. Энэ нь иргэдэд өгөөжтэй юү?
-Арилжааны банкууд өнөөдөр орон сууцны ипотекийн зээлдэгчдийг гэнэтийн ослын болон хөрөнгийн гэсэн хоёр төрлийн даатгалд нэг жилийн хугацаатайгаар албадан даатгуулчихдаг. Тухайн зээлдэгч даатгалын гэрээгээ жил бүр шинэчлэх шаардлагатай болж байгаа билээ. Гэтэл үнэндээ энэ даатгалын зорилго нь юу юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрвэл эрсдэл нь банкных байж таарна аа даа.
Гэтэл банк өөрийнхөө эрсдэлийг даатгуулахын оронд, зээлдэгчдээ амь насны даатгалд заавал даатгуулж, түүнийхээ зуучлалын орлогыг хураагаад сууж буй нь хэр зохимжтой вэ. Ер нь ипотекийн зээлийн даатгалыг тухайн зээлийн хугацаатай уялдуулах шаардлага бий.
Зээлдэгч нар өөрсдөө ч энэ зээлийн даатгалын талаар ойлголт, мэдээлэл хомс байна. Бид ипотекийн зээлийн даатгалыг олон улсын хандлага, даатгалын суурь зарчимд нийцүүлэх, зорилго болон зээлийн хугацаатай нь уялдуулж зохицуулахаар ажиллаж байгаа.
-Жолоочийн хариуцлагын даатгал гэж бий. Эмч, хуульч гэх мэт бусад мэргэжлийн хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх үү?
-Өндөр хөгжилтэй орнуудад бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуулсан байхыг шаарддаг. Өнөөдөр манай улсад албан журмын даатгалын нэг л хэлбэр байгаа нь 2012 оноос хэрэгжиж эхэлсэн жолоочийн хариуцлагын даатгал. Ажил мэргэжлийн алдаа, санамсаргүй байдлаар үйлчлүүлэгчид учруулсан аливаа хохирлыг нөхөн олгох мэргэжлийн хариуцлагын даатгал буюу нотариатч, өмгөөлөгч, эмч, багш, технологич гэх мэт мэргэжилтнүүдэд зориулагдсан даатгалын хэлбэр манайд төдийлөн хөгжөөгүй. Албан журмын даатгалын хэлбэрээр зах зээлд нэвтрүүлэх боломжийг бид эрэлхийлж байна.
- СЗХ зах зээлийг хөгжүүлэхээс илүү шахаж хавчдаг гэсэн шүүмжлэл байдаг. Цаашид энэ зах зээлийн зохицуулалтыг ямар бодлого, чиглэлээр авч явах ёстой гэж харж байгаа вэ?
-Өмнөх жилүүдэд СЗХ үйл ажиллагаагаа бүртгэл зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүрэг рүүгээ илүүтэй чиглүүлж ирсэн нь үнэн. Одооноос эхлээд бид эдгээр зөвшөөрөл олгох, хянан шалгахаас бодлогын чиг үүргээ түлхүү болгож, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх, нийт санхүүгийн салбарт эзлэх хувь хэмжээ, нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана.
Энэ бол ерөөсөө л СЗХ-ны байх ёстой байр, хийх ёстой ажил л даа. Гэхдээ харьцангуй орхигдож ирсэн гэж болно.