Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт үндсэн 9 зорилт баталсны нэг үндсэн зорилт нь судалгааны их сургуулийг хөгжүүлэх явдал юм.
Их, дээд сургуулийн багш, судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны чадварыг тасралтгүй сайжруулах, өндөр технологи, инноваци, үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэн их, дээд сургуулиудыг санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болгох талаар анхаарсан бодлого баримталж байна. Энэ зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, дээд боловсрол эзэмшиж байгаа төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд 2015 оны 09 сард Дээд боловсролын сургалтын байгууллагын судлаачдад байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг зарласан. Судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 12 их, дээд сургуулийн 60 төсөл (байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11) төсөл шалгарч нийт нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийг 2015 оны 12 сараас эхлэн олгож эхэлсэн бөгөөд төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Их, дээд сургуулийн багш, судлаач, магистрант, докторант оюутнуудад өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, статистик боловсруулалт хийх чадвараа хөгжүүлэх нь нэн чухал байна. БСШУСЯ-наас Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Их Британы Умард Ирландын Вант Улсын Баттын их сургууль, Монгол Улсын их сургууль, Багшийн Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран 2016 оны 11 сарын 22 -24-ны хооронд нийт 120 гаруй их, дээд сургуулийн багш, судлаачид, магистрант, докторантуудад зориулан 3 өдрийн гүнзгийрүүлсэн сургалтыг өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд орчин үеийн аргыг ашиглах, боловсруулсан мэдээллийг эрдэм шинжилгээний ажилд үр дүнтэй хэрэглэж, эрдэм шинжилгээний өгүүлэлдээ ашиглах зорилгоор зохион байгуулж байна.
ИБУИВУ-ын Баттын их сургуулийн чадварлаг, арвин туршлагатай багш нар сургалтыг онол, практикийн хосолсон хэлбэрээр зааж, судлаачдад R программ ашиглах, өгөгдлийг дүрслэх, шинжлэх, таамаглал дэвшүүлэх, шалгах, шугаман регресс байгуулах, шугаман бус загвар гаргах зэрэг чадварыг эзэмшүүлнэ.