Хэдэн мянган ам.долларын үнэтэй юм шиг харагдах атал хэд дахин хямдаар, “Anouk & Co.” нэрийн дор цүнхнүүдээ борлуулж буй “Монгол Алтай зэт” компанийг “Made in Mongolia” буландаа онцоллоо. Тус хамт олон арьсан эдлэлийн салбарт 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй юм билээ. Харин компаниа 2002 онд байгуулж, аж ахуйн нэгж болгон бүртгүүлжээ.
“Монгол Алтай зэт” компанийнхан дотоодод төдийгүй АНУ-ын Сан-Францискод цүнхээ худалддаг. Өндөр шаардлагатай АНУ-д гадаадынхаас гэвэл голдуу Европын брэндүүд ноёрхож, энд тэндгүй “хэрсэн” “хужаа стиль”-ийн бүтээгдэхүүнийг нэг их тоодоггүй талаар танилаасаа сонсож байсан санагдана.
Гурван янзаар үүрч болдог, үхрийн цэвэр ширээр хийсэн, ус, борооны хамгаалалттай гээд олон давуу талтай “Anouk & Co.” нэрийн цүнхийг худалдан авсан хүмүүс бүгд ам сайтай байдаг учраас ийн онцолж буй хэрэг. Уншигч Та “Anouk & Co.” нэрийн цүнх гэж буйг анзаарсан болов уу. “Монгол Алтай зэт”-ийн захирал З.Оргил “Манайхан подвальд хийсэн зүйлээ ч брэнд гээд байдагт нь санаа зовдог. Хүн бүр шахам мэддэг болчихсон бүтээгдэхүүнийг брэнд гэж хэлэх ёстой шүү дээ” хэмээн ярилаа.
Түүний охин О.Анударь Сан-Францискод амьдардаг агаад АНУ-д цүнхээ борлуулах санааг анх гаргаж, багагүй хөөцөлдсөний эцэст тэнд албан ёсны компани байгуулан, бутикт борлуулах болжээ.
Уг нь О.Анударь улс төр судлаач мэргэжилтэй ч дизайнд илүү сонирхолтой аж. Anouk гэдэг нь франц хүний нэр агаад өөрийн нэртэй ойролцоо, бас сонсголонтой учраас сонгожээ.
З.Оргил “АНУ бол барааны илүүдэл болсон газар. Ойр дотнынхон маань “Америкаас бараа зөөдөг байхад та нар маш их өрсөлдөөнтэй салбарт нь бүтээгдэхүүнээ гаргана гэж байдаг” хэмээж байсан. Гэхдээ хичээсний дүнд хүмүүс одоо бага зэрэг мэддэг болсон. Өнгөрсөн жилээс л тэнд “хөлөө олж” байна. АНУ-ын хэрэглэгчид их “юм үзчихсэн”. Хэр баргийн зүйлийг тоож хардаггүй. Тиймээс загвараа онцлог байлгахад анхаарч байгаа” хэмээв.
Гурван янзаар үүрч болох цүнх байсан нь ч үүнийг илтгэнэ. Тус компанийнхан судалгаа хийж, хоорондоо ярилцаж байгаад загвараа гаргадаг аж. Жишээлбэл, дотор нь их зүйл хийхэд зориулан цахилгаанаар “сунадаг”, жижиг хэсгийг нь салгаад гар цүнх болгох (оосор хийгээд үүрч болох), хажуудаа, ардаа үүрэх боломжтой цүнхээ сонирхуулав. З.Оргил “Монгол үхэр зуны халуун, өвлийн хүйтэнд дасан зохицож амьдардаг, онцлог арьстай, ийм түүхий эдээр хийхээр эдэлгээ уртсана гэдгийг танилцуулгадаа тодотгож байгаа. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг татаж байна” хэмээв.
Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй, Монголын үндэсний телевизэд ажиллаж байсан агаад 1990 оноос энэ салбар руу “урважээ”. Тус компанийнхан “Их эргэлт” боловсруулах үйлдвэрээс авсан ширээр цүнхээ урладаг бөгөөд ширний зузаан, өнгөө захиалдаг байна.
Тодруулбал, нэгдүгээр үеийн өнгөн арьс ашигладаг аж. Үхрийн ширийг 1-3 үе болгон зүсдэг технологи бий агаад хамгийн дээд талын буюу өнгөн арьс нь илүү үнэтэй байдаг гэнэ. Өнгө будаг, засал хийгээгүй учраас тэр. Ийм түүхий эдээр барууны орнуудад хийсэн цүнх дор хаяж 1000 гаруй ам.долларт хүрдэг аж. “Монгол Алтай зэт”-ийнхэн “Чингис” бондоос санхүүжилт авч, тоног төхөөрөмжөө Герман, Тайвань, Хятадынхаар сайжруулан “зэвсэглэжээ”.
Ширний чийгийг тусгай төхөөрөмжөөр соруулаад авчихдаг тул хөнгөн, үнэр нь багасаж, ус, бороонд нордоггүй учраас эдэлгээ сайтай байх нь мэдээж. Ер нь тэд цүнхээ чанартай гэдэгт ам бардам байсан агаад нэгэн ажилтан нь “Миний цүнх 20 орчим жил болоход урагдаагүй байгаа” гэв. Гагцхүү манайд малын ширний аль гэмтэлгүй хэсгээс нь шилж хийхэд зардалд нь нөлөөлж, хаягдал материал ихэсдэгийг учирлаж байлаа.
Сайн чанарын ширийг ийнхүү дотоодоосоо хангадаг бол туслах эд ангийг (тоног, цахилгаан) Монголд үйлдвэрлэдэггүй тул Гуанжоугаас худалдан авдаг аж. Тэндээс цүнхээ олон мянган ам.доллароор зардаг Италийн үйлдвэрлэгчид ч туслах эд ангиа худалдан авдаг гэнэ. Аль болох чанартай түүхий эдээр хийдэг ч цүнхний үнээ өндөр байлгахгүйг “Монгол Алтай зэт”-ийнхэн зорьдог байна.
“Anouk & Co.”-гийн цүнхнүүдийг Монголд 320-480 мянган төгрөг, Сан-Францискод 175-350 ам.доллароор борлуулж буй. Тус компанийнхан хэрэглэгчдэд аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ хүргэх үүднээс цахим худалдаанд түлхүү анхаардаг.
Түрээсийн байрны төлбөр төлөхгүй учраас тэр. Монголоос Сан-Франциско руу нэг кг ачаа тээвэрлэхэд 16 ам.доллар, дээрээс нь хил, гаалийн, бас тэнд албан ёсоор бүртгэлтэй компани тул татвар төлдөг юм байна. Улаанбаатарт “Gumuda”, “Говь сувенир хаус” болон интернэтээр цүнхээ зардаг бөгөөд саяхан Улсын их дэлгүүрийн ойролцоо бүтээгдэхүүн сурталчлах цэгээ нээжээ. Мөн Улсын их дэлгүүр (“Номин”)- т тэдний цүнхийг худалддаг.
З.Оргил “Бусад компанийн хийсэн цүнхийг хүмүүс үүрчихсэн явааг гудамжинд хардаг. Манайх нэг их харагддаггүй юм. Уг нь борлогдоод байдаг тул худалдагчаас асуутал ихэвчлэн гадаадынхан авдаг юм билээ” гэв. Ер нь “Anouk & Cо.”- гийн цүнхийг Европын орнууд, БНСУ, Японы жуулчид олноор худалдан авдаг аж. “Мэргэжлийн өвчин тусах” гэдэг шиг энд тэнд явахаараа дандаа цүнх хардаг З.Оргил “Герман нэртэй л болохоос зарим нэг “ичмээр” цүнхийг маш өндөр үнэтэй зардаг. Түүний дэргэд манайх “юм” л даа” хэмээсэн.
“Anouk & Co.”-гийн цүнхтэй болъё гэвэл захиалгаа өгснөөс 3-5 хоногийн дотор бэлэн болгодог байна. Хүсвэл өөрөө загвараа захиалж, нэрээ бичүүлж болдог бөгөөд мяндсан, тасардаггүй утсаар оёдог. Хайрцаг, сав, шошготой тул хүнд бэлэглэхэд тохиромжтой санагдсан.
Хайрцгаа Монголд хийлгүүлдэггүй талаараа З.Оргил “Хятадад хайрцаг, саваа хийлгүүлэхэд үнэ хямд байдаг. Олон тоогоор захиалдагтай энэ нь холбоотой байх. Гол нь Монголын хэвлэх үйлдвэрүүд сайн хайрцаг хийж чадахгүй байна. Бат бөх биш, үнэтэй. Плёнктой хайрцаг захиалахад л хүнд өгөхөд ичмээр “юм” хийнэ шүү дээ” гэв.
“Монгол Алтай зэт” компанийнхан зургаан ажилтантай юм байна. З.Оргил “Зөөлөн оёдлын үйлдвэр шиг олон ажилтантай байх шаардлагагүй. Турк, Европын арьсан эдлэлийн үйлдвэрүүдэд очиж үзэхэд гурав, дөрөвхөн хүнтэй байдаг юм билээ” гэв. Тэдний цүнхийг нэг л хүн эхнээс нь дуустал бүгдийг гараар хийдэг онцлогтой. Ингэж хийсэн цүнх Европт өндөр үнэтэй байдаг. Харин монголчууд эсрэгээр, “Өө, муу гар хийцийн цүнх” хэмээн ханддаг гэнэ лээ.
Тэд цүнхнээс гадна түлхүүрийн оосор, тэлээ гээд жижиг эдлэл мөн хийдэг байна. Уг нь арьс ширний салбарынханд “Чингис” бондоос санхүүжилт өгч дэмжсэн ч зах зээлээ хамгаалах бодлого дутагдаж буй аж. Урд хөршөөс авчирсан, лидринээр хийсэн цүнхийг наймаачид хямдаар зардаг нь үйлдвэрлэгчдэд бэрхшээл үүсгэдэг. Иймээс гаалийн татварыг нэмж, тоог нь хязгаарлавал дэмжлэг болох гэнэ.
Өмнө нь тэд аяллын, дугуйтай чемодан, том, жижиг гээд олон загварын цүнх хийж, туршиж үзсэн нь тийм ч зөв биш байжээ. Өнгөрсөн хугацаанд гаргасан загварынх нь тоо бараг 1000-д хүрэх гэнэ. Харин одоо бол сайн гэж үзсэн цөөн тооны загвараа цахим хуудсаараа сурталчилж буй.
Монголд загвараа бүртгүүлэхэд анхаардаггүй тул бие биенээсээ хуулбарлах тохиолдол олон гардаг байна. Бусдаас өвөрмөц хийхгүй л бол дуурайж хийчихээд, гадаадад ч ийм загвар байдаг шүү дээ гээд тоодоггүй аж.
Өдгөө Сан-Францискод амьдарч, тэндхийн борлуулалтаа хариуцаж буй О.Анударьтай цахимаар холбогдож, цөөн зүйл тодруулсан юм. Тэрбээр “Анх компани байгуулж, бүтээгдэхүүнээ Америкт гаргах санаа төрснөөс хойш бичиг баримтаа бүрдүүлж, зөвшөөрлөө аваад, цахим хуудсаа бэлэн болгоход есөн сар зарцуулсан.
Өмнө нь бизнес эрхэлж байсан туршлагагүй учраас бүх л зүйл шинэ, алхам тутамдаа жижиг сажиг бэрхшээлтэй тулгарч байлаа. Анх Anouk гэсэн нэр өгсөн ч Их Британи, Бразилд бас адил нэртэй фэйшн брэнд байдаг болж таарсан. Тиймээс “Anouk & Co.” болгож өөрчлөөд, худалдааны тэмдгээ бүртгэлд оруулсан. Сан-Францискод Жижиг бизнесийг дэмжигч холбоод бий. Бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст хуулийн үнэгүй зөвлөгөө өгдөг юм билээ.
Бичиг баримт бүрдүүлэхээс гадна ямар домэйн авах, вэб дизайнаа хэрхэн шийдэх, ямар системээр төлбөр авах нь хамгийн тохиромжтой зэрэг олон зүйлийг судлах хэрэгтэй болсон” хэмээн ярилаа. Тэд одоогоор олныг хамарсан маркетинг хийгээгүй, сошиал медиагаар АНУ-ын худалдан авагчдад мэдээллээ хүргэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд цүнх худалдан авсан хүмүүс бүгд сэтгэл хангалуун байгаа нь сайшаалтай.
О.Анударийн өгүүлснээр АНУ-д хүмүүс олон тоогоор үйлдвэрлэсэн бараанаас аль болох зайлсхийж, өвөрмөц, гараар урласан зүйлс авахыг эрмэлзэх болжээ. Тэрбээр “Анх манай арьс хурц үнэртэй учраас гадаадынханд таалагдахгүй гэдэг байсан. Харин ч эсрэгээр Сан-Францискод худалдан авагчид “Цэвэр арьс гэдэг нь үнэрнээсээ эргэлзээгүй мэдэгдэж байна. Химийн бодис хэрэглэж, үнэрийг нь битгий гаргаарай” гэж захиж байгаа.
Дэлхийн зах зээлд Италид боловсруулсан арьс дангаар ноёрхож байгаа гэж болох ч зөв маркетинг хийгээд, тууштай зүтгэвэл цаашид боломж маш их бий гэж боддог” хэмээн тэмдэглэв. Монголын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд юунд анхаарах нь зүйтэй гэж үзэж буй талаар түүнээс лавлахад “Миний баримталдаг гол зарчмын нэг нь чанартай бөгөөд загвар сайтай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авагчдадаа хүргэх юм. Интернэт худалдаанд түлхүү анхаарснаар түрээсийн байранд өгөх зардлаа бүрэн хэмнэж байгаа.
Одоогоор гадаадын зах зээлд борлуулахад гол анхаарах зүйл нь брэндийн үүссэн түүх, өөрсдийгөө хэрхэн илэрхийлж буй, бизнесээ юутай уялдуулж байгаа нь маш чухал санагдсан. Орчин үеийн эмэгтэйчүүд ялангуяа цүнх, хувцасны сонголт хийхдээ дан ганц хэрэглээ гэж харахаасаа илүүтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх нэг хэлбэр гэж үзэж байгаа нь ажиглагдсан” хэмээв.
“Anouk & Co.”-гийн “Bologna” үүргэвчний загварыг саяхан handbagdesigner101.com цахим хуудсанд онцолж, өдрийн онцлох цүнхээр нэрлэжээ. “Instyle” сэтгүүлтэй хамтран ажилладаг тус цахим хуудсанд дэлхийн бүх орны цүнхний дизайнер загвараа илгээдэг аж. Шалгарсан бүтээлүүдийг дээрх цахим хуудсаар дамжуулан борлуулж болдог гэнэ. Уг цахим хуудсыг бэлтгэдэг хамт олон нь тогтмол арга хэмжээ, уралдаан зарлаж, онцолсон загвар нь сэтгүүлүүдэд тавигддаг юм байна.
Энэ сарын 19, 20-нд Сан-Францискод болсон үзэсгэлэнд “Anouk & Co.”-гийн цүнхнүүдийг дэлгэж тавьсан нь тэндхийн худалдан авагчдад таалагдсан биз ээ. Ер нь “Anouk & Co.” цүнхнүүдийг Герман, Итали, Испани, Их Британийн хэрэглэгчид 10-20 ширхгээр худалдан авдаг гэхээр АНУ-аас өөр зах зээлд хүч үзэх боломжтой юм шиг ээ.
Одоогоор “Монгол Алтай зэт”- ийнхэн Япон руу цүнх нийлүүлэхээр ярилцаж эхэлжээ. Гадаад орон руу нийлүүлэхээс гадна тэд дотооддоо байгууллагуудын захиалгаар цүнх болон бусад зүйл хийдэг юм билээ. Жишээлбэл, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар цагдаа нарын бүсийг хийдгийг энд дурдаж болно. Хувь хүмүүс хутга, ангийн буундаа гэр хийлгэдэг бол бөө нар ч сэлмээ барьчихсан ирдэг гэнэ лээ.