Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн баасан гаригт B3-аас нэг шат бууруулан, Caa1 болгов. Энэ нь эрсдэлтэй гэсэн ангилалд ордог зэрэглэл юм. Ирэх хоёр жилд Монголын Засгийн газар өр төлж чадах, эсэх нь улам тодорхой бус болж буй, төсвийн алдагдал өндөр хувьтай хэвээр, ирэх хоёр жилд эдийн засгийн өсөлт “сул” байх төлөвтэй нь үүнд нөлөөлснийг уг мэдэгдэлдээ дурджээ.
Тухайлбал, ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөр хийх хуваарьтай байгаа юм. Ер нь Засгийн газар 2017 онд нийт 0.8 тэрбум гаруй “ногоон” төлөхөөр байгаа нь ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэхийг тэмдэглэжээ. Мөн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэх, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод түвшин гэдгийг онцолсон байв.
Тэгвэл үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.
ОУВС-гийн ажлын хэсэг арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар олон улсын бусад санхүүгийн байгууллагаас улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авахаар хамтран ажиллаж байна. Шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэжээ.