Хятадын өмнөд бүсэд сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 300 ам.доллар давав. Үүнийг нүүрсний зах зээлд “үнийн цонх үе” ирсэн гэж тодорхойлж байна. Учир нь олон улсын шинжээчид нүүрсний үнэ ирэх оны дунд үеэс эргээд буурна гэж таамаглаж буй юм. Үнэ дээш цойлсон үеийг ашиглаад ахиухан ашиг олохоор Монголын экспортлогчид “хөдөлгөөнд орж” эхэллээ.
Магадгүй богинохон үргэлжилж мэдэх сэргэлтийн үед нүүрсээ өндөр үнэд хүргэх нь экспортлогчид төдийгүй Монголын хямарч буй эдийн засагт ч ашигтай. Гэтэл бодлого, зорилтоо нэгтгэж чадаагүй манай компаниуд, ялангуяа Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлогчид зах зээлийнхээс доогуур үнээр түүхий эдээ борлуулж байна. Буруутан нь бодлогын алдаа, экспортлогчдын эв нэгдэлгүй байдал. Үүний харгайгаар баялгийн эзэд нь биш, нүүрсийг түүхийгээр зөөж буй хятадууд дийлэнх ашгийг “цүнхэлж” байгаа.
Тавантолгойн уурхайд саяхан ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат экспортлогчдод “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлэн нүүрсээ үнэд хүргэх, Монголын талд ногдох үр ашгийг нь нэмэгдүүлэх санал боловсруулах үүрэг өгсөн. Түүний энэ үйлдлийг олон нийт сайшаан дэмжиж байна.
Ингээд Тавантолгойн ордоос коксжих нүүрс экспортолж буй гурван компани нэгдсэн бодлого баримталж ажиллах талаар ямар саналтай байгааг сонирхлоо. Бидний “жижиг” хэмээн нэрлэдэг “Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 35 ам.доллароор борлуулж байна.
Манайх нүүрсээ зах зээлийн үнэд хүргэж борлуулахыг дэмжин хамтарч ажиллана гэсэн маш тодорхой байр суурьтай байгаа” гэсэн товчхон хариулт өгөв. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийн удирдлагууд байр сууриа дэлгэрэнгүй илэрхийллээ.
ШИЙДЭЛ НЬ ТӨМӨР ЗАМ, БАЯЖУУЛСАН НҮҮРС
Г.Батцэнгэл (“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал):
-Мэдээж Ерөнхий сайдын байр суурьтай бүрэн санал нэгдэнэ. Угаасаа ч бид олон жил энэ талаар ярьж, санал хүсэлтээ илэрхийлж ирсэн. Гол нь Тавантолгойн ордын нөөцийг сорчлолгүй, хуулийн дагуу эдийн засгийн утгаар бүрэн ашиглаж, эцсийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, нэгдсэн нэг стандарттай бүтээгдэхүүн гаргаж байж бид олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой. Үүний тулд хоёр л асуудлыг шийдэх шаардлагатай. Нэгдүгээрт, төмөр зам, тээвэр ложистикийн асуудал байна. Хоёрдугаарт, нүүрсийг түүхийгээр нь биш угааж, баяжуулж экспортлох хэрэгтэй. Учир нь Япон, Өмнөд Солонгос гэх мэт гуравдагч зах зээлийн хэрэглэгчид нүүрсийг хэзээ ч түүхийгээр нь импортолж авахгүй.
Манай компанийн хувьд нүүрсийг угааж, баяжуулж, олон улсын cтандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн экспортолдог. Иймээс ч Монголын экспортлогчдоос нүүрсний үнийг хамгийн өндөр тогтоож, цаашид ч нэмэгдүүлэх чиглэлд бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал, Ганцмодны боомтод буюу хилийн нөхцөлөөр нэг тонн нүүрсний үнийг 107 ам.доллар хүртэл өсгөөд байна.
Бидний ойлгосноор Тавантолгойд монголчууд нэг талдаа гарч ажиллахад “Чалко”, TTJVCо-гийн гэрээний хатуу нөхцөл асуудал үүсгэдэг юм байна. Үүн дээр төр засаг, салбарын яамнаас анхаарч, төрийн компаниуд асуудлыг шийдвэрлэх гарц, боломжуудыг хайж байгаа гэж ойлгосон. Аль ч утгаар нь бодсон Монгол Улсын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
ЭХНИЙ АЛХАМ НЬ БАРУУН ЦАНХИЙН ОЛБОРЛОЛТ
Д.Ариунболд (“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал):
-Тавантолгойн бүлэг ордоос экспортолж байгаа коксжих нүүрсийг ижил нөхцөл, зах зээлийн үнээр борлуулах “нэг цонх”-ны бодлогыг “Эрдэнэс Тавантолгой” компани дэмжиж байгаагаа хэлье. Тавантолгойн ордод олборлолт хийж буй гурван компанийн хоёр нь уурхайн аман дээрээс нүүрсээ борлуулж байгаа.
Нэг нь баяжуулаад экспортолж байна. Ер нь нүүрсээ баяжуулж экспортолбол арай өндөр үнэд хүрч, Монголд илүү үр ашиг авчрах боломжтой. Бид нүүрсээ “Энержи ресурс” компанид зах зээлийн үнээр нийлүүлээд, тэднийх угаагаад экспортолбол аль аль талдаа асуудал үүсэхгүй, зөв шийдэл болно гэж үзэж байгаа.
Нүүрсээ “Энержи ресурс”-ийн үйлдвэрт баяжуулаад өөрсдөө борлуулна гэвэл гарц буурах асуудал хөндөгддөг. Манайх Хятадын баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаалгаж байсан. Ингэхэд 85-90 хувийн гарцтай байдаг.
Намайг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө манайх “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаалгаж үзсэн юм билээ. Ингэхэд манай нүүрс бага гарцтай гарч, хоёр компанийн хооронд маргаан үүсэн, хамтарч ажиллаж чадаагүй гэдэг. Иймээс маргаан үүсгэхгүйгээр хамтарч ажиллах боломж нь манайх нүүрсээ зах зээлийн үнээр тэднийд нийлүүлэх гэж харж байна.
“Энержи ресурс” компанид нийлүүлэх нүүрс одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-д алга. Яагаад гэвэл, манайх зөвхөн Зүүн Цанхийн уурхайгаасаа нүүрс олборлож, түүнийгээ 2011 болон 2015 онд байгуулсан гэрээний дагуу “Чалко”, ТТJVCo компанид нийлүүлж байна. Хятадын “Чалко” компанид тавьсан өрөө нүүрсээр төлдгийг олон нийт мэднэ.
Мөн нүүрс олборлогч ТТJVCо компанийн төлбөрийг нүүрсээр хийдэг. Тэгэхээр Баруун Цанхийн уурхайгаасаа нүүрс олборлож эхлэх нь манай хувьд “нэг цонх”-ны бодлогод нэгдэж, зах зээлийн үнэд хүргэх боломж юм. Ирэх оноос өмнө Баруун Цанхийн уурхайгаас нүүрс олборлохоор тодорхой алхмууд хийгээд байна. Тэндээс олборлож эхэлбэл “Энержи ресурс” компанид зах зээлийн үнээр нүүрс нийлүүлэх боломж бүрдэнэ.
Нүүрсний үнийн өсөлтөөс улбаалан “Чалко” компанид тавьсан өрөө богино хугацаанд төлөх боломж гарлаа. Манайхан ирэх жилийн наймдугаар сар гэхэд өрөө дарж дуусгана гэж тооцоолж байсан. Үнэ улам өссөөр байгаа учир зургадугаар сар гэхэд өрөө төлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Манайх “Чалко” болон ТТJVCо-д нийлүүлэх нүүрснийхээ үнийг дөрвөн индексээр тогтоодог.
Энэ оны гуравдугаар улирлын индексийн дагуу 33 ам.доллароор тонн нүүрсээ нийлүүлж байгаа. Ирэх оны эхнээс дөрөвдүгээр улирлын индексийн үнийг мөрдөнө. Индексийн үнэ 50 ам.доллароос дээш гарах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр улиралд манайх уурхайн амнаас тонн нүүрсээ 50-иас дээш ам.доллароор борлуулна гэсэн үг.
Өрөө төлсны дараа индексийн үнээр нүүрсээ нийлүүлэхээ зогсоож, зах зээлийн үнэ баримтална. Гэхдээ “Чалко” компанид манай олборлосон нүүрсний 80 хувийг зах зээлийн үнээр авах эрх бий. Өрөө дарчихвал “Чалко”-д ч, ТТJVCо-д ч, “Энержи ресурс”-т зах зээлийн үнээр нүүрсээ нийлүүлнэ. Угааж борлуулах боломж ч гарна. Манай компанийн хамгийн гол асуудал бол өрөө дарж дуусгах юм.