Монгол Улсын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх, түүний эрх зүйн зохицуулалтын талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Харьяатын газрын дарга Б.Хатантуулаас тодруулга авлаа.
Монгол Улсын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар эхлээд тодруулмаар байна?
Монгол Улс “Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенци болон “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид тус тус нэгдэн орсон. Уг конвенциудаар үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн орнуудын үүрэг хариуцлага, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Эдгээр конвенцийг удирдлага болгон Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-аар Монголын харьяат хүүхдийг Гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулж байна.
Хүүхэд үрчлүүлэх процесс хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгнө үү
Хэд хэдэн шат дамжлага бүхий нилээд нарийн процессын ажиллагаа явагддаг гэж болно.
Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны үрчлэлтийн асуудал эрхэлсэн байгууллагаар уламжлан Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, Монгол Улсад 6 сараас доошгүй хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн нь Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно. Монгол Улсын Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үрчлэгдэх хүүхдийг судлан сонгож, үрчлүүлэхээр болсон тохиолдолд үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй зуучлагч байгууллагаар дамжуулан холбогдсоны дараа манай байгууллагад санал, дүгнэлтийг холбогдох материалын хамт ирүүлдэг.
Манай газар нь холбогдох материалыг хянан үзээд, хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн үрчлүүлэх гэж байгаа хүүхдийн нөхцөл байдалтай очиж биечлэн танилцдаг. Газрын даргын тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-д заасны дагуу Комиссын гишүүд үрчлэгч гадаадын иргэнтэй биечлэн уулзаж ярилцлага хийдэг. Ярилцлагаар үрчлэгч эцэг, эхийн санаа, зорилго, хүүхэд үрчлэн авах шалтгаан, эцэг эхийн эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, үрчлэлтийн талаарх ойлголт, тухайн гэр бүлийн түүх болон ирээдүйн төлөвлөгөө, үрчлэгдэх хүүхдийн эрүүл мэндийн байдал, тухайн хүүхдийн онцлог, хүүхдийг хэрхэн нийгэмшүүлж, боловсрол олгох талаар үрчлэгч эцэг, эхийн хандлага зэргийг тодруулдаг. Ийнхүү үрчлэгчтэй ярилцлага хийж комиссын гишүүдийн олонхийн саналаар эцсийн дүгнэлт гарч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг хэлэлцүүлдэг. Хүүхдийг үрчлүүлэх эсэх тухай Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга тушаал гаргадаг юм. Түүнчлэн үрчлэлтийн дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсан үрчлэгч эцэг эх, зуучлагч байгууллагатай “Үрчлэлтийн гурван талт гэрээ”-г байгуулан ажилладаг.
Хүүхэд үрчлэлтийн асуудлаар бие даасан хууль байхгүй, харин журмаар зохицуулдаг гэж ойлголоо зөв үү?
Дан ганц журмаар зохицуулдаг гэж ойлгож болохгүй. Би ярилцлагын эхэнд ч мөн хэлсэн. Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас гадна дээр дурьдсан 2 сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байгаа. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хүүхэд үрчлэлтийн асуудлыг Гаагийн болон НҮБ-ын конвенцид тулгуурлан илүү нарийвчилсан зохицуулалттай болгохоор ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын иргэн гадаад хүүхэд үрчлэн авах эрх зүйн зохицуулалт байдаггүй байсан тул манай байгууллагын зүгээс энэхүү хуулийн төсөлд тусгуулахаар саналаа хүргүүлээд байгаа.
Жилд дунджаар хичнээн хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж байна вэ? Тэдгээр хүүхдийн араас “санаа тавих”, үрчилж авсан эцэг эхэд хяналт тавих эрхзүйн зохицуулалт ямар байна вэ?
Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 264 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаад гэр бүлд үрчлүүлсэн байна. Нийт үрчлэгдсэн хүүхдийг хүйсээр аваад үзэхэд 147 нь эрэгтэй, 117 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ 156, ХБНГУ-33, Франц-20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна. 2015 онд 5 хүүхэд, 2016 онд 5 хүүхэд үрчлэгдсэн. Үрчлэгдсэн хүүхэд Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг дээр дурьдсан 3 талт гэрээнд зааж өгдөг. Мөн үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, хүүхэдтэй хэрцгий харьцахгүй байх, уугуул эх орон, ёс заншил, түүх соёлын уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчлан гэрээнд тусгаж өгдөг. Үрчлэгч эцэг, эх үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт жил бүр мэдээлж байх, хүүхдийн өсч бойжиж буй фото зураг, видео бичлэг зэргийг хүүхдийг 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 8-16 нас хүртэл хоёр жил тутам хийж манай газарт ирүүлэх зэргээр үрчлэлтийн дараах хяналтыг ч тодорхой тусгасан байдаг. Түүнчлэн үрчлэгдсэн хүүхэд нь үрчлэгч эцэг, эхийн байнга оршин суугаа улсад ирмэгц зуучлагч, зуучлагч байгууллага нь үрчлэгч эцэг эхтэй нь холбоо тогтоон, нийгмийн ажилтнаа явуулж хүүхдийн байдалтай танилцах арга хэмжээ авах, үрчлэгч эцэг, эх оршин сууж буй газраа өөрчилсөн бол тухай бүр хаягийн өөрчлөлт хийсэн тухай өөрийн орны эрх бүхий байгууллагад болон Монгол Улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.
Тухайн үрчлүүлсэн хүүхдэд хяналт тавих зардал хаанаас гардаг вэ?
Шаардлагатай тохиолдолд үрчлүүлсэн хүүхдийн ахуй амьдрал, аж байдалтай үрчлэгч эцэг, эх болон Зуучлагч байгууллагын зардлаар үрчлэгдсэн хүүхдийн оршин сууж байгаа газарт очиж танилцдаг. Гэрээнд энэхүү үүргийг тодорхой тусгаж өгдөг бөгөөд олон улсын жишгээр ийнхүү хянах зардлыг гаргадаг тогтолцоотой.
Ямар тохиолдолд хүүхдийг үрчлүүлэхээс татгалзах болон үрчлэлтийг хүчингүй болгодог юм бол?
Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэхдээ үрчлэгч эцэг эхийн нөхцөл байдал, хүсэл зориг бүгдийг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Үрчлэгч эцэг эхийн хариултууд нь бүрдүүлж ирүүлсэн материал дахь мэдээлэлтэйгээ зөрөх, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлснийг нь тогтоосон, хүүхэд үрчилж авсаны дараа гарах асуудлыг шийдвэрлэх арга замыг мэдэхгүй, хүүхэд үрчилж авах шалтгаан нөхцөл нь тодорхой бус, үрчлэгч эцэг эхийн санаа, зорилго нийлэхгүй мөн түүнчлэн үрчилж авах гэж буй хүүхдийн талаар мэдээлэл аваагүй байх гэх мэт зөрчил илэрвэл тухайн хүүхдийг үрчлүүлэхээс татгалздаг.
Хүүхдээ хаясан, санаатай төөрүүлсэн, тарчлаан зовоосон, худалдсан, барьцаалсан, биеийг нь үнэлсэн, шунахай зорилгоор ашигласан, эрх зүйн зөрчилд татан оруулсан, хүүхэдтэйгээ хэрцгий харьцсан, сэтгэл санааны хүнд дарамтанд байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг нь тогтоогдсон болон хуульд заасан бусад үндэслэлээр тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдах мөн цаашлаад Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуульд заасан үндэслэл болон гэрээ зөрчигдсөн хүүхдийн эрх ашиг хохирсон бол үрчлэлтийг хүчингүй болгох эрх нь манай байгууллагад байгаа. Гэхдээ ийм байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхэд байхгүй байгаа. Харин хүүхдийн эрүүл мэндийн байдлын улмаас 2 үрчлэлт хүчингүй болсон тохиолдол 2015 онд гарсан байдаг.