Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 17-25-ны өдрүүдэд манай улс сүүлийн 10 жил болж байгаагүйгээрээ цочир хүйтэрнэ хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, энэ үеэр цаг агаар -47 хэмд хүрэх аж. Учир нь энэ үед Хойд туйлын хүйтэн агаар манай улсад орж ирнэ гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 16-наас буюу маргаашнаас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс манай улсын баруун хойд хэсэгт орж ирснээр Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, ингэснээр 17-25-ны өдрүүдэд манай улсын нутаг дэвсгэрт онцгой хүйтрэн гэж таамаглаж байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэл байх болно гэж шинжээчид баталжээ. Үүнтэй холбоотойгоор ялангуяа хөдөө орон нутгийн ихэнх зам халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа. Тэгвэл энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг түр хугацаагаар амраах хэрэгтэй гэсэн санал асуулга иргэдийн дунд явагдаж эхэлжээ. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Одоогоор сурагчдыг амраах, сургуулиудыг "карантилах" шийдвэр гараагүй. Сурагчдын амралт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн гаргасан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-ны дагуу хэвийн явагдана" гэлээ.