Монголын хөрөнгийн бирж өчигдөр I-III ангилалд бүртгэлтэй 13 компанийн 25.5 мянган ширхэг хувьцаа арилжив. Мөн Засгийн газрын анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 16.8 хувийн хүүтэй 191.7 мянга, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1609 ширхгийг борлуулснаар нийт 19.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийв.
MSE ALL индекс өмнөх өдрөөсөө 0.4 хувиар дээшилж, 774.62 нэгжид хүрлээ. Тэгвэл зах зээлийн үнэлгээ 1.32 их наяд төгрөг болжээ. Энэ өдөр I ангилалд бүртгэлтэй АПУ компанийн 16.5 мянган ширхэг үнэт цаас борлогдсон нь тоо ширхгээр хамгийн олонд тооцогдлоо. Тус ангиллын компаниудын нийт 19.9 мянган ширхэг хувьцаа арилжигдсан юм.
“Багануур” компанийн хувьцааны ханш хамгийн их буюу 15 хувиар өссөнөөр нэгж нь 2185 төгрөгтэй дүйв. Харин “Дархан гурил тэжээл”-ийнх хамгийн их буюу есөн хувиар буурснаар 500 төгрөгөөр үнэлэгдэж байлаа.