Огцом өсөөд байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд тогтворжив. Өчигдөр “Найман шарга” захад ченжүүд “ногоон”-ыг 2400 төгрөгөөр худалдан авч, 2420 төгрөгөөр зарж байлаа. Тус захын нэгэн ченж “Ам.долларын ханш огцом чангарч байсантай харьцуулахад буурсан. Ханш хэрхэх нь мэдэгдэхгүй түвэгтэй байна. Эргээд өсөхийг ч үгүйсгэхгүй бололтой” хэмээн ярив.
Өнгөрсөн баасан гаригт Монголбанк интервенц хийснээр тэнд үдээс хойш ам.долларыг 2500 төгрөгөөр зарж байсан билээ. Өчигдөр валютын дуудлага худалдаагаар банкууд 20 сая ам.доллар, 56.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк 2421 төгрөгийн ханшаар ам.доллар, 352.2 төгрөгийн ханшаар юанийн саналыг бүрэн биелүүлсэн байна.