Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханшийн огцом савалгаа болж, ам.доллар 2720 төгрөгтэй тэнцэж, хоёрхон цагийн дотор даруй 200 гаруй төгрөгөөр унасан. Үүнийг Төв банк Үүнийг тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж, зах зээлд 74 сая ам.доллар нийлүүлснээр өнөөдөр ам.долларын ханш валютын захууд дээр 2455-2460 төгрөгөөр арилжаалагдаж байна. Тэгвэл энэ талаар эдийн засагчид, улстөрчид өөр өөр байр суурь илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан "УИХ-ын сонгуулиас хойш шинэ Засгийн газар бүрэлдсэнийхээ дараа ойр ойрхон нэлээд хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн. Тодруулбал, Сангийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдэгдсэн нь зах зээлд нэгэн “шок”-ийг үүсгэсэн. Үүний улмаас ердөө долоо хоногийн дотор төгрөгийн ханш даруй 250 төгрөгөөр суларсан" хэмээн мэдэгдсэн байна.
Харин УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа “Хэний, юуны нөлөөллөөр валютын ханш хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээн илэрхийлэв. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллийнхээ үеэр “Арилжааны банкууд үгсэн хуйвалдах зүйл ажиглагддаг” гэж хэлж байсан. Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Арилжааны банкууд ам.доллараа зарахгүй байгаа нь хиймэл өсөлтийг бий болгосон” хэмээн тайлбарлажээ.