Монголбанк “Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ханш суларсан нь тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна” хэмээн баасан гаригт мэдэгдэв. Арилжааны банкны зарим төлөөлөл “Харилцагчид төгрөгийн хадгаламжаа ам.долларынх руу шилжүүлэх нь нэмэгдсэн. Зохиомол эрэлт бий болсон учраас валютын ханш эргээд буурна. Ийм хөөрөгдлийг дагах нь иргэд эргээд алдагдал хүлээх эрсдэлтэй” гэж тайлбарлаж байна.
Мөн “Банк байж ам.доллар зарсангүй гэж хүмүүс уурлаж байгаа. Бидэнд зарах ам.доллар алга” гэж учирлав. Бас “Ам. доллар нийлүүлэхээр хүмүүс хамж авчихаад хиймэл эрэлт үүсгээд байна” гэсэн ченжийн үг ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш түүхэн дээд түвшинд хүрч, түүнийг тойрсон үйл явц ийн үргэлжлэв. Банкууд ч сүүлийн өдрүүдэд юань, ам.доллар зараагүй.
Үүний цаана юу байсан юм бол. Цөөн ченж, тэдний цаана хэдхэн хүн ханшийн савлагаа үүсгэж, ашиг олж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөс аргагүй. Хэрэв үнэхээр хүмүүс хуйвалдан үнэ өсгөсөн байлаа ч үүнд хариуцлага тооцох талаарх хууль журам байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн дуулгав.
Нефть импортлогч компаниудыг “Үгсэн хуйвалдаж, үнээ нэмлээ” гэж ШӨХТГ “тоншдог” шиг хянадаг хүн үгүй бололтой. Тиймдээ ч валютын хар захад хэн нэгэн дураараа дургиж, Монголын эдийн засгийг савлуулдаг юм биш үү. Зарим хүн “Ам. долларыг 1500 төгрөгтэй тэнцэж байхад нь авчихсан хүмүүс үнийг нь хөөрөгдөн, ашиг олж байна” гэж үзэж буйгаа фэйсбүүктээ бичсэн байна лээ.
Өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш, баасан гаригийн үдээс өмнө “Найман шарга” захад зарим ченж ам.доллар зарах ханшаа 26.. гээд орхичихсон харагдана лээ. Энэ хугацаанд тэд “Ам.доллар байхгүй” гээд зараагүй. Нөхцөл байдлаа харж байгаад л хэн нэгний “команд”-аар хоосон зайгаа нөхнө гэж хүлээж байсан болов уу. Уг нь Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг.
Энэ сарын 3-наас хойш Монголбанк зах зээлд ам.доллар “хялайлгаагүй”. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гаригт банкууд 71.2 сая ам.доллар, 123 сая юань худалдан авахаар “царайчлахад” Төвбанк дуудлага худалдаанд оролцсонгүй. Харин ниргэсэн хойно нь хашгирав гээч болж, цөөн хэдэн ченж ам.долларыг 2720 төгрөгөөр зарж, үнэ тэнгэрт хадах үед л интервенц хийх арга хэмжээ авав.
Тодруулбал, баасан гаригт Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, зах зээлд 72.4 сая “ногоон”, 73 сая юань нийлүүлсэн юм. Үүний дараа америк мөнгөн тэмдэгтийн ханш хоёр цагийн дотор 200 орчим төгрөгөөр огцом унан, 2500 төгрөгтэй тэнцэх болсон билээ. Тэгвэл өчигдөр “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан аваад, 2470 төгрөгөөр борлуулж байсан нь 30 төгрөгөөр суларсныг харуулж байна.
Энэ талаар нэгэн ченж “Ам.долларын ханшийн өсөлт хиймэл байсан. Үүнийг мэдэж байсан бид ч ханш 200 төгрөгөөр огцом буурахад алдагдал хүлээлээ” гэв. Өмнөх өдрүүдэд хүмүүс ченжүүдэд ам.доллар зарахгүй байсан бол өчигдөр энэ байдал өөрчлөгджээ. Харин ханш ийн буурсан нь удаан хугацааных биш гэж үзэх хүн цөөнгүй байгааг санах хэрэгтэй.
Монголбанк “Ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Энэ бол зах зээлд дохио өгөх, зөв үйлдэл мөн. Гагцхүү Монголбанкны ерөнхийлөгч гадаад валютын нөөц хасах болсныг яриагүй, товлосон өдрөө зах зээлд ам.доллар нийлүүлчихсэн бол “Ханшийг хазаарлах юм байна” гэсэн мессежийг олон хүн хүлээн авч, “ногоон”-ы ханш ингэтлээ өндрөө авахгүй байсан байх талтай гэж зарим шинжээч дүгнэж байна.
Монголбанкны ерөнхийлөгч богино хугацаанд дүнгээ тавиулж, зах зээлийн мэдрэмжгүйгээ ийн харуулав. Тус банк төгрөгийн ханшийг дан ганц интервенцийн аргаар хамгаалах нь валютын нөөцийг шавхах эрсдэлтэй гэдэг. Гэхдээ интервенцээ хэрэгтэй үед нь, зах зээлд зөв дохио өгч (хүлээлтийг зөв удирдах), хийгээгүй нь харамсалтай. Ам.долларын ханшийн өсөлт Сангийн сайдад ямар дүн тавьсныг иргэд мэдэж буй байх.
Ханшийн өсөлтөөс шалтгаалж зарим аж ахуйн нэгж зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрснийг эдийн засагчид тэмдэглэж буй. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд хэдэн зуун тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь тодорхой. Одоогоор Монгол Улсын нийт экспортын 85, худалдааны эргэлтийн 65 хувь нь урд хөршид ногдож буй.
Гэхдээ орох, гарах валютын урсгалын 20 гаруй хувийг л юанийн гүйлгээ эзэлж байгаа юм. Уг нь манай улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө орж ирэхээр байгаа. Гэтэл төгрөгийн ханш сулрах нь хөрөнгө оруулагчдыг хүлээзнэхэд хүргэх нөлөөтэй.
Иймээс том төслүүдээ хэрэгжүүлж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын нөөцөө оновчтой удирдах, төсвийн алдагдлаа бууруулах шаардлагатайг эдийн засагчид сануулж байлаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хэд хэдэн чиглэлээр судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон.
Валютын хадгаламж, зээлийн үйл ажиллагааг зохицуулах ямар боломж байгааг судлах ажил түүнд багтсан. Хэдийгээр манай улс чөлөөт зах зээлтэй ч олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч болохыг үгүйсгэхгүй ч энэ нь түр зуурынх байх ёстойг шинжээчид анхааруулж байна.
“Найман шарга”-д одоогоос нэг жилийн өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нд “ногоон”-ыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр борлуулж байсан юм. Тэгвэл зургаан сарын өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 11-нд америк мөнгөн тэмдэгтийг 2013 төгрөгөөр худалдан авч, 2018 төгрөгөөр зарж байлаа. Монголбанкнаас “ногоон”-ы ханшийн өсөлтийг улирлын шинж чанартай гэж өмнө нь дүгнэж байв.
Гэхдээ нэг сар гаруйн хугацаанд тасралтгүй, өдөрт 10-40 төгрөгөөр, сүүлдээ бүр хоёр өдөр дараалан тус бүр 120 төгрөгөөр чангарч, ханш хяналтаас гарсан нь олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Баасан гаригийн үдээс өмнө ам.доллар 2720 төгрөгт хүрсэн нь нэг сарын өмнөхөөс даруй 20 орчим хувиар чангарсан дүн юм.
Өндрөө авсан “ногоон”-ы ханшийн өсөлт нь зохиомол, “хөөс” учраас иргэдийг болгоомжтой байхыг эдийн засагчид анхааруулж байна. Дашрамд дурдахад, ганц ам.долларынх биш, юанийн ханш ч өссөөр байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт гэхэд “Найман шарга” захад нэг юанийг 403 төгрөгөөр зарж байлаа. Харин өчигдөр дээрх тоо 365 төгрөг болж буурчээ.