Зэс, зэсийн баяжмал нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнд тооцогддог. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт зэсийн үнэ сүүлийн 30 жилд байгаагүйгээр өссөн (нэг долоо хоногийн хугацаанд) талаар “Financial times” дамжуулав. Улмаар баасан гаригт тонн зэсийн үнэ 6000 ам.долларыг давсан нь өнгөрсөн оны зургадугаар сараас хойш анх удаа дээрх үнэд хүрч буй тохиолдол юм. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп дэд бүтэцдээ илүү хөрөнгө оруулна гэж мэдэгдэж байсан нь зэсийн үнэд эергээр нөлөөлснийг шинжээчид тодотгожээ. Шаргал металлын үнэ өмнөх долоо хоногт нийт 18 хувиар дээшилсэн бөгөөд энэ сарын эхэн үеэс 1000 ам.доллароор өссөн гэнэ. Бас Энэтхэг улсын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа төдийгүй шинэ уурхайнуудад хийх хөрөнгө оруулалт тийм ч их биш байгаа тул зэсийн хомсдол үүсэж магадгүй аж.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн есдүгээр сараас Лондоны металлын биржийн зэсийн нөөц багасаж буй бөгөөд одоогоор 270.850 тоннд хүрээд байна. Сонирхуулахад, зэсийн үнэ сүүлийн 21 хоногт нийт 28 хувиар дээшилснийг businesstimes.com онцолжээ. Гэхдээ зарим шинжээч уг таваарын эрэлтэд тийм ч их өөрчлөлт гарахгүй хэмээн үзэж буй юм байна.