Ханш нь өндрөө аваад буй ам.долларыг өнгөрсөн баасан гаригт “Найман шарга” захын ченжүүд 14.30 цагт 2660 төгрөгөөр худалдан авч байсан ч зарахгүй байв. Энэ талаар нэгэн ченж “Зарах ам.доллар алга” хэмээн ярилаа. Тэгвэл энэ өдөр Монголбанкнаас мэдэгдэл хийв. Тус мэдэгдлийг Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав танилцуулсан юм.
Тэрбээр “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом суларсан. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээс хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байгаа. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна” хэмээв.
Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг. Гэхдээ тус банк баасан гаригт зах зээлд ам.доллар, юань нийлүүлэв. Тодруулбал, Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа зарлахад банкууд 2450-2490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364 төгрөгийн ханшаар 73 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Монголбанк 2450 төгрөгийн ханшаар ам.доллар, 358.23 төгрөгийн ханштайгаар юанийн саналыг бүрэн биелүүлжээ.