Ам.долларын ханш “галзуурч”, олон хүнийг гайхашруулж байна. Өчигдөр 13.30 цагт валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2490 төгрөгөөр авч, 2510 төгрөгөөр борлуулж байв. Энэ нь ам.долларын өсөлтийн хурд огцом нэмэгдсээр байгааг илтгэж буй. Түүнчлэн тэнд цөөн ченж үдээс өмнө юанийг 390 төгрөгөөр зарж байв. Тэгвэл арилжааны банкууд “ногоон”, юань зарахгүй байсан юм. Өчигдөр 16.00 цагийн үед “Найман шарга”-д ч зарим ченж “Ам.доллар, евро, юань алга” гээд, зарахгүй байв. 17.00 цагт зарим ченж “ногоон”-ыг 2600 төгрөгөөр зарж байлаа. Энэ нь 24 цагийн дотор “ногоон”-ы ханш 120 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Тэгвэл Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш өчигдөр 2453.39-д хүрлээ.
Ядаж байхад Шинэ жил дөхөж буй тул худалдаа эрхлэгчдийн валютын эрэлт нэмэгдэх нь гарцаагүй. Нэгэн банкны ажилтан (нэрийг нууцлав) бололтой хүн “Надад 4800 ам.доллар байгаа. Нэгийг нь 2550 төгрөгөөр худалдаж ав” гээд дээрх захын ченжийг дагуулан явж байхтай ч таарав. Энэ сарын 3-нд Монголбанк банкуудын юань худалдан авах саналыг 100 хувь биелүүлж, 87.9 саяыг нийлүүлсэн бол ам.доллар “хялайлгаагүй”. Харин мягмар гаригт болон өчигдөр Монголбанк ам.доллар, юань нийлүүлсэнгүй. Тус банкныхан зөвхөн огцом хэлбэлзлийг бууруулахад бодлогоо чиглүүлнэ, эдийн засгийн суурь хүчин зүйлс муудаж буй нөхцөлд төгрөгийн ханшийг дан ганц интервенцийн аргаар хамгаалах нь валютын нөөцийг шавхах эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа юм. “Ногоон”-ы ханш огцом чангарч буйд ямар арга хэмжээ авах талаар Монголбанкнаас тодруулах гэсэн ч хариулах боломжгүй гэв. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэх, валютын хадгаламж, зээлийн үйл ажиллагааг зохицуулах ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон. Энэ талаар ямар ажил хийхээр төлөвлөж буйг Сангийн яамнаас тодруулах гэсэн ч мөн л чадсангүй. Эдийн засагчдын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, экспортын орлогоо өсгөх, зээл авах зэрэгт анхаарах ёстойг сануулж байна.
Ам.долларын ханш өсөж байгаа энэ үед ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа, Засгийн газрын хуралдаанаар төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судалж, танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон талаар СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан, MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат нараас байр суурийг нь сонирхсон юм.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ВАЛЮТЫН ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТАА САЙЖРУУЛАХ ЁСТОЙ
-Засгийн газар валютын орох урсгалыг богино хугацаанд нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хэрэгтэй. Үүний тулд судалгаа шинжилгээнд суурилсан, шийдвэртэй арга хэмжээ авах ёстой. Мөн Монголбанк валютын захын үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулах, нөөцөө оновчтой удирдах, нэмэгдүүлэх нь чухал. Интервенц хийх замаар ханшийн өсөлтийг тогтоох гэж оролдох нь нөөцөө шавхахаас өөр үр дүнд хүрэхгүй. Харин дунд хугацаанд уул уурхай, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бодлогыг сайжруулах, эдийн засгийн бүтцийг өөрчлөх нь зөв. Ерөнхий сайд валютын ханшид нөлөөлөх зарим арга хэмжээ авахыг үүрэг болгосон нь цагаа оллоо. Энэ нь байнга хэрэглэх зөв арга хэмжээ биш боловч нөхцөл байдал хүндэрсэн ийм үед нийгэмд эерэг хүлээлт бий болгох, валютын эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулах, үнэ зохицуулах чиглэлд нөлөөлөх боломжтой. Харин үүнийг урт хугацаанд хэрэгжүүлэх нь оновчгүй.
А.БИЛГҮҮН: ТӨР ВАЛЮТЫН ХАНШИЙГ ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ
-Төрийн хийж болох ганц зүйл нь Монгол Улсад валют орж ирэх нөхцөл бүрдүүлэх юм. Хэрэв валютын зах зээлд төрийн хүчээр орвол Венесуэл улсын гашуун туршлагыг давтана. Хамгийн гол нь төр валютын ханшийг зохицуулж чадахгүй. Нэгэнт иргэд хоорондоо бэлэн мөнгөөр валютын гүйлгээ хийж байгаа тохиолдолд албан, хар захын ханшийн хооронд том зөрүү үүснэ. Энэ зөрүү ихсэх тусам валютын захад паник (айдас) үүсэж, гадаад валютын хэрэгцээ тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Төрийн зүгээс хийж болох богино хугацааны алхмуудыг дурдвал, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, ОУВС-гаас авах зээлийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг дотоодын арилжаа эрхлэгчдэд таниулж, төгрөгт итгэх итгэлийг сэргээх, алт олборлогч компаниудад дорвитой дэмжлэг үзүүлж (татварын, тусгай зөвшөөрлийн) Монголбанкны алтны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг юм. Хэрэв зөөлөн аргаар өөрчилж чадахгүй бол ам.долларын ханшийг зөнд нь орхих хэрэгтэй. Зах зээлийнхээ зарчмаар аяндаа тогтож таарна. Хэрэв Сангийн сайдад судлуулахаар өгсөн үүргийг хэрэгжүүлбэл бид шууд утгаараа эдийн засгийн сүйрэл рүү явна гэсэн үг.
Б.ЭРДЭНЭБАТ: ХӨГЖИЖ БУЙ ОРОНД БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ НЬ ДОТООД ВАЛЮТЫНХ НЬ ХАНШИЙГ СУЛРУУЛДАГ
-Ханшийг тогтворжуулахын тулд Монголбанк, Засгийн газар буруу бодлого хэрэгжүүлэхээ болих хэрэгтэй. Хөрвөх чадварын, төсвийн, бодит эдийн засгийн гэсэн гурван суваг ханшид нөлөөлдөг. Эдгээр сувгийн аль нь ханшид хүчтэй нөлөөлж байна вэ гэдгийг эхний ээлжинд харах ёстой. Манайд төсвийн суваг хамгийн их жин дардаг. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд маш өндөр хүүтэй гадаад, дотоод бонд гаргаж байна. Бондын хүү өсөхийн хэрээр инфляцыг өдөөнө гэсэн хүлээлтийг зах зээлд бий болгоно. Инфляц өсөх тусам төгрөг сулрах дохио болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бонд гаргах тусам ханш чангарна. Үүнээс гадна Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байна. Өндөр хөгжилтэй орнуудад бодлогын хүүг өсгөхөд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш чангардаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд бодлогын хүүгийн түвшин өсөхийн хэрээр дотоод валютынх нь ханш суларна. Манайхан үүнийг анзаарч, мэдрэхгүй байна. Мөн Засгийн газрын бондын болон бодлогын хүү өсөхөөр эдийн засагт шахаж гаргах үйл явц өрнөдөг. Энэ нь эдийн засаг хумигдана гэсэн үг. Үүнийг дагаж орлого болон гадаад валютын орох урсгал татарна. Тиймээс энэ нь бодлогын маш том алдаа юм. Одоо арилжааны банкууд валют зарахгүй байна. Энэ нь дамын наймаа, хууль бус үйл ажиллагааг цэцэглүүлнэ. Эдийн засгийн ойлголтгүй хүмүүс бодлого, шийдвэр гаргасны алдаа ингэж илэрч буй юм.
Ц.БОЛОРМАА, Н.САНЖААСҮРЭН