Валют арилжааны “Найман шарга” төвд өчигдөр ам.долларыг 2433 төгрөгөөр авч, 2440-өөр арилжиж байлаа. Харин Монголбанкнаас даваа гаригт зарласан ам.долларын албан ханш 2413 төгрөг байв. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос хоёр хувиар чангарсан үзүүлэлт боллоо.
“Ногоон”-оос гадна юань, евро зэрэг голлох валютын ханш ч өсөж буй юм. Тухайлбал, манай худалдааны гол түнш Хятадын мөнгөн тэмдэгт юанийн Төвбанкнаас зарласан албан ханш 356 төгрөгтэй тэнцэж, сарын хугацаанд 20 орчим хувиар дээшилжээ. Мөн юанийг “Найман шарга” төвд 360 төгрөгөөр худалдаж байсан юм.
Төвбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зах зээлд валют нийлүүлж, ханш огцом савлахаас сэргийлдэг. Өчигдрийн хувьд арилжааны банкууд 62 сая ам.доллар, 100 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанкнаас интервенц хийсэнгүй. Учир нь манай валютын албан нөөц хумигдаж байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар манай улс 1.1 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа нь сүүлийн зургаан жилийн доод түвшин юм.
Энэ нь ойролцоогоор импортын дөрвөн сарын хэрэглээг хангах түвшин бөгөөд Төвбанкны зүгээс нөөцөө үүнээс бууруулах боломжгүй гэж үзэж буй. Учир нь тухай улсын хувьд дор хаяж гурван сарынхаа хэрэгцээг хангах валюттай байх шаардлагатай. Тиймээс валютын нийлүүлэлтийг яаралтай өсгөх хэрэгтэйг Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолсон юм.
Нөөц багасаж буй ч эрэлт нь өссөн хэвээр байна. Тухайлбал, гадаадаас бараа, бүтээгдэхүүн импортлогч компаниуд жилийн эцэст тооцоогоо хийдэг тул эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханшийг сулруулж байгаа юм.