Кёкүшюзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол HD телевизээр оффшор дансны тухай гарсан мэдээллийг үзүүлэв. Үүний дараа тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад оффшор дансны тухай мэдээлэл анх гарж эхэлсэн. Энэхүү нэр томъёоны анхдагч нь Д.Батбаяр буюу миний зурагтайгаар Монгол HD телевизээр гарсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, мөн УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан гэдэг утгаараа маш өндөр хариуцлага хүлээх тухай яригдаж, сонгуульд нэр дэвших эсэх, хөрөнгө оруулалтын тал дээр ч асуудал хөндөгдөж байсан. Иймд би өөрөө хуулийн байгууллагуудаар ч шалгуулсан. Гэхдээ Д.Батбаяр нь оффшор данстай үгүйг тогтоож чадаагүй. Тухайн үед зодог тайлаад удаагүй бөх, албан тушаал хашаагүй учир шалгах боломжгүй гэсэн хариуг өгч байсан. Харин саяхан Монгол HD телевиз оффшор данстай гэх Д.Батбаяр гэдэг хүн нь Кёкүшюзан Даваагийн Батбаяр биш гэдгийг нотолж өгсөн. Тэр нь Орхон аймгийн НИТХ-ын гишүүн гэдэг нь нотлогдсон.
Би өөрөө 16 настайгаасаа хойш Япон улсад ажиллаж хөдөлмөрлөж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж, олон хүнийг тус улсын дэвжээг эзэгнэх боломжийг бий болгон, эх орондоо буцаж ирээд цэвэр бизнесээр 10 мянган хүнийг ажилтай орлоготой болгосон хүний хувьд олон нийтэд тайлбар хийсэн нь зөв гэж бодсоний үндсэн дээр мэдээлэл хийж байна.