Өчигдөр 15.30 цагт валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд нэг ам.долларыг 2385 төгрөгөөр худалдан авч, 2400 төгрөгөөр зарж байв. Ингэснээр сүүлийн 10 хоногт гэхэд “ногоон”-ыг зарах ханш бараг 60 төгрөгөөр өсөж, төгрөг үнэгүйдсээр байна.
Төвбанкнаас зарласан ам.долларын албан ханш ч тасралтгүй нэмэгдэж буй юм. Тус захын нэгэн ченж “Ам.долларын ханш уржигдар (аравдугаар сарын 30) бүр 2430 төгрөгт хүрснээ бодвол бага зэрэг буураад байна” хэмээн ярилаа. Мөн тэрбээр “Юанийн ханш ч өссөн, гэхдээ өмнөх сарын эцсээр нэг юань 360 төгрөгтэй тэнцэж байсныг бодвол суларсан” гэв.
“Найман шарга”-д ченжүүд юанийг 350 төгрөгөөр худалдан авч, 355.5 төгрөгөөр борлуулж байлаа. Одоогоос нэг сарын өмнө буюу аравдугаар сарын 2-нд тэнд юанийг 342.5 төгрөгөөр худалдан авч, 343.7 төгрөгөөр зарж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш хоёр хувиар чангарчээ.
Өчигдөр банкууд 2380-2402.1 төгрөгийн ханшаар 46 сая ам.доллар, 348-353.91 төгрөгийн ханшаар 103 сая юань худалдан авах санал Монголбанкинд ирүүлсэн байна. Тэгэхэд Төвбанк 2380 төгрөгийн ханшаар ам.доллар, 348 төгрөгийн хаалттай ханштайгаар юань худалдан авах саналыг нь бүрэн биелүүлжээ.