Бэлгийн замын өвчин үе мөчний ямар өвчнүүдийг дууддаг талаар Номиун эмнэлгийн их эмч Б.Мөнхболдоос тодруулсан мэдээллийг хүргэж байна.
Ихэнх хүмүүс бэлгийн замын өвчнийг арьс өнгө,бэлэг эрхтэн,нөхөн үржихүйн өвчин гэж ойлгодог байх гэвч үгүй юм эдгээр өвчин нь халдварлагдсан үеэс эхлээд таны биед мөн таны үе мөчинд эдгэршгүй өөрчлөлтийг үүсгэх хэмжээний аюул дагуулсан бүлэг өвчний нэршил юм.
Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Гэсэн ч иргэд бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг, эмчилгээний талаар мэдээлэл багатай байдаг. 25 наснаас өмнө насанд хүрэгсдийн бараг тал хувь нь бэлгийн замаар дамжих өвчний халдвартай эсвэл урьд нь халдварлаж байсан гэх албаны судалгаа байна.Саяхан эх сурвалжаас харахад 15-24 насныхан бэлгийн замын халдварын 54% эзэлж байна гэсэн мэдээлэл гарсан.Энэ маань бэлгийн харьцаанд орох нас эрт болсон учраас залуучуудад бэлгийн замын халдварт өвчин илрэх нь их байгаа юм.
Үе мөчний өвчинг хэрхэн дууддаг вэ?
Бэлгийн замын халдвар цусаар дамжин үе мөчинд хүрж улмаар уг өвчний бактер маань үений гадаргууг эвдлэн мөн үений уутанцарт идээ хуримтлуулан,цаашлаад шөрмөсийг үрэвсүүлнэ.
Хамгийн энгийн жишээ авж үзэхэд заг хүйтэн өвчнөөр халдварласан тохиолдолд үе мөчинд хурц өвдөлт үүсж,үеэр хавагнах хүчтэй халуурах шинжээр өвчин эхэлнэ.Ялангуяа гарны болон хөлийн аль нэг хуруу хавдаж улайх улмаар бүх л үе мөчөөр янгинаж өвдөх,ямах нэг илүү хөдөлгөөн хийж чадахгүй асаргаанд орох зэрэг хүндрэл үүсгэнэ.Ялангуяа дархлаа суларсан,хүнд архаг өвчтэй,ажлын ачаалал ихтэй нойргүйдэлтэй хүмүүсд илүү хүндрэх эрсдэлтэй байдаг.
Мөн тэмбүү,хламидын халдвар зэрэг бусад бэлгийн замын өвчний үед арьсан дээр цагирагт баланит тууралт гарах,псориаз маягийн арьсны өөрчлөлт гарах,үений гадаргуу шалбарч гэмтэсний улмаас үеэр хавдах өглөөний хөшингө илрэх,нүдний талаас болорт идээ цуглах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв үений хөндийд халдвар орж идээлсэн тохиолдолд үеэр хавдах,хөдөлгөөн хязгаарлагдах,маш хүчтэй өвдөлт илрэх,биеийн арьсны өнгө өөрчлөгдөх,шоконд орох мөн амь насанд аюул учрах хүртэл хэмжээний хүндрэл үзүүлдэг.
Иймд та бүхнийг хувь хүний эрүүл мэндийн боловсролоо сайжруулж энэ аюулт заналт өвчнөөс өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.