Монгол хүүхэд бүр “Маамуу нааш ир” дуугаар хэлд ордог гэвэл хол зөрөхгүй л болов уу. Бүтэн нэг жаран монголчууд бидний дунд амьдарсаар ирсэн хүүхэд багачуудын дуулах дуртай энэ дууг бяцхан үрсдээ зориулан дахин сэргээн дуулж дүрсжүүлжээ.
Тэртээх 1956 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг дээр ая зохиож энэхүү дуу бүтсэн түүхтэй.
Тэгвэл “Монгол Контент” ХХК нь өөрийн санаачлагаар Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “Нарлаг” Улаанбаатар Ротари клубийн хамтран хэрэгжүүлж буй “Маамуу” төслийн хүрээнд эцэг эх хүүхдийн харилцааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх агуулга бүхий “Маамуу” цуврал бүтээлч ном, “Маамуу” цуврал хүүхэлдэйн кино, “Бүүвэй аялъя” хүүхдийн дууны цомог зэрэг Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ боловсрол хүмүүжилд онцгой анхаарсан контентийг бүтээж байна.
Уг төслийн хүрээнд сургуулийн өмнөх насныханд зориулсан "Бүүвэй аялъя" бүүвэйн дууны цахим цомог гаргасан ба хүүхэд аав ээж, эмээ өвөө, ах эгчтэйгээ хамтдаа уншиж, бүтээлчээр ажиллах бүтээлч номоо өргөн барьсан билээ.
“Маамуу” төслийн “Бүүвэй аялъя” цомгийг бүтээх ажлын нэг хэсэг нь “Маамуу нааш ир” дууг клипжүүлж нийт хүүхэд багачуудын хүртээл болгох явдал бөгөөд энэхүү дууг дуучин Соёмбо болон бяцхан дуучин Анужин нар аав охин хоёр харилцан дуулж байгаагаар дахин сэргээн дуулсан байна.
Энэ дашрамд дурдахад, оюуны өмчийг дээдлэгч “Монгол Контент” ХХК нь “Маамуу нааш ир” дууг анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дахин сэргээж уламжлалт буюу 2D анимэйшн хэлбэрээр анх удаа дүрсжүүлэн орчин цагийн хүүхэд багачуудад дахин түгээж байна.