БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ой тохиосон өдөр буюу энэ сарын 1-нд ОУВС мөнгөн тэмдэгтийг нь нөөцийн валютын сагсандаа албан ёсоор орууллаа. Энэ талаар олон улсын томоохон агентлагууд “Хятадын юань валютын “элит клуб”-т нэгдлээ” хэмээн бичиж байна. “Элит клуб”-т элссэн нь юанийн хөрвөх чадвар нэмэгдэх, дэлхийн худалдаа, санхүүгийн гол валютуудын нэг болох урт замын эхлэл тавигдлаа гэсэн үг.
Хэдийгээр юань топ 10 валютын тоонд багтах болсон ч зарим голлох мөнгөн тэмдэгттэй харьцуулахад “сүүл мушгиж” буйг шинжээчид тэмдэглэж байна. Одоогоор улс орнууд гүйлгээнийхээ дийлэнхийг ам.доллароор хийж буй.
Тодруулбал, дэлхий даяар хийж буй төлбөр тооцооны 42.5 хувь нь ам.доллар, 30 хувь нь евро, 7.5 хувь нь фунт стерлингэд ногдож байгаа аж. Харин юанийн гүйлгээ ердөө 1.86 хувийг нь эзэлж буй юм. Түүнчлэн “The Wall street journal”-ын дамжуулснаар дэлхийн нийт валютын нөөцийн 1-2 хувь нь л юанийнх гэнэ.
Төвбанкууд сүүлийн жилүүдэд юанийн нөөцөө бараг хоёр дахин нэмэгдүүлээд байхад шүү дээ. Тэгвэл Төвбанкуудын нөөцийн 63.7 хувийг ам.доллар эзэлж буйг ОУВС-гийн хамгийн сүүлд гаргасан судалгаанд дурджээ.
Дэгсдүүлж хэлбэл энэ нь ам.доллар алттай адил найдвартайд тооцогддог болсныг илтгэж буй хэрэг. Хэдийгээр валютын сагсанд эзлэх юанийн хувь 30 ч гэлээ худалдааны төлбөр тооцоонд ашиглагдаж буй нь бага юм.
17 ЖИЛИЙН ДАРАА
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай урд хөршийн Ардын банк олон жилийн хүчин чармайлт гаргасны дүнд юанийн хөрвөх чадвар ийнхүү сайжирч буй. Өнгөрсөн жилүүдэд Хятад улс валютаа эдийн засгийн чухал хэрэгслүүдийн нэг болгохыг зорьсон.
Тухайлбал, дэлхий даяар хийж буй худалдааны гүйлгээнд юаниар хийх хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахын сацуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зөвхөн ам.доллартой биш, 13 валюттай харьцах юанийн индексийг тооцож эхлэх зэргээр шат дараатай арга хэмжээ авсан юм.
2009 онд Хятадын Ардын банкны тэргүүн глобал систем зөвхөн нэг валют буюу ам.доллароос хэт хамааралтай болж байна хэмээн шүүмжилж байв. АНУ-ын Төвбанкны хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон мөнгөний бодлого Хятадад багагүй нөлөөлдөг учраас тэр биз.
ОУВС-гийн нөөцийн валютын сагсанд анх удаа хөгжиж буй орны мөнгөн тэмдэгт (юань) багтсаныг шинжээчид онцолсоор байна. 1999 онд тус сагсанд еврог нэмснээс хойш өөр валютыг багтаагаагүй байсан юм. 2010 онд Хятад улс юанийг нөөцийн валютын сагсанд оруулах хүсэлтээ илэрхийлсэн ч ОУВС татгалзаж байв.
Тэгвэл тус сан юанийг чөлөөтэй ашиглагдах шаардлага хангана гэж үзээд, валютын сагсандаа багтаахаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарласан. Дээрх шийдвэр биеллээ олж, “ардын мөнгө” гэж нэрлэгддэг юань нь ам.доллар, фунт стерлинг, иен, еврогийн “дүү” болж дэвшсэн хэрэг. 1990 онд АНУ-ын ДНБ дэлхийн нийт эдийн засгийн 22 хувьтай тэнцдэг байсан бол өдгөө 15-аас доогуур болоод буй. Одоогоор улс орнуудын гадаад
худалдаанд хамгийн түгээмэл ашиглаж буй валют болох ам.долларт яваандаа “чангарч” мэдэх өрсөлдөгч гарч ирсэн нь энэ. Гэхдээ юань ам.долларыг гүйцэхгүй, дөхөж очтол ч багагүй хугацаа шаардлагатай гэж олон эдийн засагч үзэж буй юм байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын бондын хамгийн том худалдан авагч нь Хятад улс юм. Тодруулбал, АНУ-ын 1.2 их наяд ам.долларын бондыг урд хөрш эзэмшдэг гэх статистик ч бий.
Хятад улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сул байлгадаг гэх шүүмжлэлд өртдөг. Жишээлбэл, өнгөрсөн оны наймдугаар сард урд хөрш юанийн ханшийг гэнэт бууруулж байв. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ам.доллартой харьцах юанийн ханш найман хувиар суларчээ. Юань дээрх сагсанд багтсанаар Ардын банкны барьж байгаагаар биш зах зээлийнхээ нөхцөлөөс шалтгаалан ханш нь хэлбэлзэх юм.
Сонирхуулахад, ОУВС чөлөөтэй хөрвөх чадвартай мөнгөн тэмдэгт багтаасан валютын сагсыг 1969 онд бий болгож байжээ. Улс орнуудад хангалттай хэмжээний алт, ам.долларын нөөц байгаагүй учраас тэр. Тус сан санхүүгийн хүндрэлд орсон гишүүн орнууддаа тусламж үзүүлэхдээ дээрх сагсанд багтсан валютаар зээл олгодог. Улс орнууд өр төлбөрөө мөн эдгээр валютаар барагдуулдаг байна.
“АРДЫН МӨНГӨ”-НИЙ ЭРЭЛТ АЛГУУР НЭМЭГДЭНЭ
Нөөцийн валютын сагсанд юань багтана гэдэг нь яваандаа улс орнуудын Төвбанк юанийг нөөцдөө нэмж, хөрөнгө оруулалтын сангууд ч авах тул урт хугацаанд эрэлт нь өсөх талтайг “Credit agricole”-ийн ахлах эдийн засагч Дариус Ковалзик өгүүлжээ.
Товчхондоо, юанийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Харин “Capital economics”-ийн Хятадыг “онилсон” мэргэжилтэн Жулиан Эванс-Притчард юанийн эрэлт ойрын хэдэн жилд төдийлөн нэмэгдэхгүй гэж үзэж буй аж. Сагсанд багтсан ч найдвартай валютад тооцогдох болоогүйг “The Wall street journal” тодотгожээ.
Тэгвэл зарим шинжээч 5-6 жилийн дараа юань илүү уян хатан ханштай болж, хэрэглээ нь нэмэгдсэн байна хэмээн таамаглаж буй тухай “Xinhua” агентлаг уламжлав. ОУВС-гийн Бээжин дэх төлөөлөгч, өмнө нь Ардын банкны ахлах мэргэжилтэн байсан Жин Зоншиа “Хятадын капитал урт хугацаандаа нээлттэй болно. Юанийн ханш ч илүү уян хатан тогтоно” хэмээн онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт экспортын 85, худалдааны эргэлтийн 65 хувь нь Хятадад ногдож байгааг Монголбанкны мэргэжилтэн дуулгав. Гэхдээ орох, гарах валютын урсгалын 20 гаруй хувийг юаниар хийж буй гүйлгээ эзэлдэг аж. Хэдийгээр манай гадаад худалдааны дийлэнх хэсэг Хятад улсад ногдож байгаа ч юанийн гүйлгээ дэлхийн бусад орныхтой адил, бага дүн эзэлдгийг эндээс харж болно.
Энэ нь гадаад худалдааны компаниуд юаниас илүүтэйгээр хөрвөх чадвартай ам.доллароор худалдаа хийж байгааг илтгэж буй хэрэг. Тухайн аж ахуйн нэгжүүд ямар валютаар худалдаа хийхээ харилцагч талтайгаа тохиролцсоноор шийддэг. Юаниар худалдаагаа хийсэн ч ам.доллароор төлбөр төлөх нөхцөлтэй тулгардаг бол компаниуд аль болох нэг валютаар төлбөрөө өгөх шаардлагатай болдог байна.
Ханшийн өөрчлөлт нь худалдаанд нөлөөлчих гээд байдаг тул аж ахуйн нэгжүүд төлбөрөө ам.доллароор хийхийг зорьдог бололтой. Юань нөөцийн валютын сагсанд багтсан тул цаашдаа компаниуд төлбөр тооцоогоо үүгээр хийх нь тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь гарцаагүй. Мэдээж аж ахуйн нэгжүүд гэрээндээ өөрчлөлт оруулан, төлбөр тооцоогоо юаниар хийдэг болоход багагүй хугацаа шаардлагатай.
Юань ОУВС-гийн сагсанд багтсан нь ам.долларын ханшийн дарамт, нөөц хязгаарлагдмал байгаа нөхцөлд эрэлтийг нь бууруулах нөлөөтэй юм. Гэхдээ төгрөгийн үнэ цэнэ буурсаар байвал Монгол Улс эрсдэл үүрч болохыг шинжээчид сануулж байна. Нөгөөтэйгүүр, найдвартай байдал нь сайжирвал юанийн ханш урт хугацаанд чангарна. Энэ нь Хятадаас импортолж буй бүтээгдэхүүнүүдийн үнэ манайд өсөхөд нөлөөлнө гэсэн үг.
Ц.Эрдэнэбат: Юанийн эрэлтэд тийм ч хурдан өөрчлөлт гарахгүй
“YPO Mongolia” ТББ-ын тэргүүн Ц.Эрдэнэбатаас ОУВС юанийг нөөцийн валютын сагсандаа багтаасан талаар зарим зүйлийг тодруулав. “Young Presidents’ Organization” нь 130 гаруй улсад салбартай, бизнесийн эзэд, гүйцэтгэх захирлуудын байгууллага юм.
-Хятад улс урт хугацаанд хүчин чармайлт гаргасны дүнд ОУВС юанийг нөөцийн валютын сагсанд багтаасан. Энэ нь тус улсад дунд болон урт хугацаанд ямар нөлөө үзүүлэх бол?
-Хамгийн түрүүнд Хятадын зах зээл, тэр дундаа санхүүгийн зах зээл илүү либералчлагдана. Яагаад гэвэл, нэгдүгээрт ОУВС сагсандаа багтаах мөнгөн дэвсгэртүүдэд чөлөөтэй хэрэглэгдэж, уян хатнаар хувирч байх шаардлага тавьдаг. Нөгөөтэйгүүр, Хятад улс юанийг олон улсын валют болгохыг хүсэж байгаа.
Иймээс зөвхөн дээрх сагсанд багтаад зогсох биш, цаашид санхүүгийн зах зээлээ шинэчилж, илүү нээлттэй, ил тод болгож, юанийн ханш зах зээлийн хуулиар тогтдог болж байж л олон улсын хэмжээнд хэрэглээ нь нэмэгдэнэ. Тэгэхээр энэ шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэсэн асуултын хариултаас ирээдүйд үзүүлэх нөлөө нь хамаарах юм. Одоогоор үүнийг шууд таамаглах амаргүй.
Жишээ нь, зарим шинжээч Хятадын санхүүгийн зах зээл илүү либерал болсноор хөрөнгийн урсгал нэмэгдэнэ гэж үзэж байхад нөгөө талд ирээдүйд хийх шинэчлэл нь эрсдэлийг өсгөх учраас хөрөнгө оруулагчид капиталаа Хятадаас илүү найдвартай газарт шилжүүлэн, улмаар юанийн ханш унана гэж үзэх нэгэн ч байна. Аль аль нь л ор үндэслэлтэй таамаг юм.
Гэхдээ Хятадын эдийн засгийн цар хүрээнээс хамаараад урт хугацаанд юань ам.долларын хэмжээний биш юм гэхэд фунт стерлинг, еврогийн хэмжээний олон улсын валют болох нь гарцаагүй болов уу.
-Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэнээр яваандаа ханш нь өсөх байх. Ер нь тус улсад эерэг нөлөө нь илүү байх, тийм үү?
-Одоогоор дэлхийн нийт валютын нөөцийн ердөө 1.1 хувийг юань эзэлж байгаа. Хятадын эдийн засагтай харьцуулбал маш бага үзүүлэлт. Тэгэхээр юанийн эрэлтэд тийм ч хурдан өөрчлөлт гарахгүй л болов уу. Харин дээр хэлсэн либералчлалаас үүдээд юанийн ханш богино хугацаанд унах магадлалтай.
Энэ нь Хятадын экспортод таатай нөлөө үзүүлэх нь мэдээж. Гэхдээ урт хугацаандаа юанийн ханш тогтворжиж, олон улсын хэмжээнд эрэлт нь нэмэгдэх нь гарцаагүй болов уу. Ийм тохиолдолд Хятадын импортод таатай нөлөө үзүүлэх болно.
-Монгол Улс Хятадтай дийлэнх худалдаагаа хийдэг ч орох, гарах валютын урсгалын 20 гаруй хувийг юанийн гүйлгээ эзэлдэг. Энэ хувь хэрхэн өөрчлөгдөх бол?
-Монгол Улс БНХАУ-тай 2011 онд анх своп хэлцэл хийж, тухай бүрт нь үнийн дүнг нэмэгдүүлэн, гэрээгээ сунгасаар ирсэн. Одоогоор 15 тэрбум юанийн своп хэлцэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үнийн дүнгийн хэмжээнд юань, төгрөг хоорондоо шууд хөрвөж байгаа.
Тэгэхээр гадаад худалдаан дээр ам.долларын шууд хамаарлаа бид аль хэдийнэ бууруулчихсан гэж ойлгож болно. Нэгэнт юань ОУВС-гийн нөөцийн валютын сагсанд багтсан тул БНХАУ цаашид своп хэлцлийн дүнгээ өсгөж болох юм.
-Урт хугацаанд ам.долларын ханшийн дарамтаас юань хуваалцах байх гэж ойлгож байгаа.
-Мэдээж ганц валютын хамаарлыг бууруулна. Гэхдээ ханшийн өөрчлөлтөөс үүдсэн эрсдэл үүрэхгүйн тулд манай улсын эдийн засаг өсөж, төгрөг тогтвортой байх ёстой. Түүнээс биш төгрөгийн ханш сул байгаа тохиолдолд ямар валютаар худалдаа хийж байгаагаас үл хамааран ханшийн эрсдэлийг бид үүрсээр л байх болно.
-Дэлхий даяар хийж буй худалдааны дийлэнхийг ам.доллароор хийж байгаа. Тиймээс хэдэн жилдээ нэг их нөлөө гарахгүй байх магадлалтай юу?
-Тийм ээ. Сагсанд багтсан нь эхний л алхам юм. Юань эрсдэлгүй, найдвартай, Хятадын Засгийн газраас биш, зах зээлээс хамаардаг валют болж байж л хэрэглээ нь өснө. Тэр хүртэл нэлээд хугацаа шаардана. Олон улсын шинжээчид ч ойрын хугацаанд гэнэтийн өөрчлөлт гарахгүй гэж үзэж байгаа.