Сурагчдын улирлын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь болиулж, “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г шинээр баталлаа. Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс эхлэн долоо хоног амарч байхаар болов.
Мөн мал төллөх хугацаатай уялдуулан, шаардлагатай тохиолдолд сурагчдын III улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт зөвшөөрөв. Түүнчлэн бага, дунд, ахлах ангийнхныг нэгэн зэрэг амраахаар зохицуулжээ. Ингэснээр өөр өөр ангид олон хүүхэд нь сурдаг эцэг эхчүүд хүүхдээ авах гэж удаа дараа сумын төв явах шаардлагагүй боллоо.
Тэгвэл Улаанбаатарын бага ангийн сурагчид агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, ханиад ихэсдэг цагаар буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах бол хөдөөгийн бага ангийнхан арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног гэртээ байх нь. Бусад улиралд хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа адил байна.
Харин бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулалт хийн, 1-2 дугаар ангийнхныг тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийнхныг зургадугаар сарын 1-нээс амраахаар боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амрах хугацаа