УИХ-ын нэгдсэн чуулганаар Ипотекийн зээлийн асуудалтай холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн төлөө байгаа, үргэлжлүүлж ч байгаа. Харин цаашид орон сууцны 5 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг зогсоох байр суурьтай байгаа. Энэ үндсэн дээр урьд нь 5 хувийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байсан 1948 иргэний хүсэлтийг хангаж зээл олгосон. Одоо 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд зөвшилцөж шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Учир нь УИХ-ын тогтоолын дагуу Ирээдүйн тэтгэврийн нөөц санг Засгийн газраас Монголбанк буцааж авсан. Гэтэл уг сан нь хөрөнгийн эх үүсвэргүй, мөн 8 хувийн зээлийг хөтөлбөрийн эрх зүйн орчин тодорхой бус байгаа. Гэвч уг зээлийн хөтөлбөрөөс сар тутам орж ирж байгаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгөд суурилан цаашид зохих хэмжээгээр үргэлжлүүлээд явъя гэсэн байр суурьтай байгаа. Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх чиглэлэээр Засгийн газартай яриа хэлэлцээ хийж байгаа, зохих үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэсэн хариулт өгөв. Мөн энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнөх Засгийн газрын үед “Сайн хувьцаа”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 1 их наяд төгрөг хэвлэж гаргасан нь ханшид нөлөөлсөн. Иймээс төгрөгийн өрсөлдөх чадварыг хадгалж барихын тулд дээрх хөтөлбөрүүдийг зогсоох шаардлагатай болсон. Одоо зах зээлд 33 мянган орон сууц борлуулалтгүй зогсож байна. Ипотект хамруулж байж л дээрх орон сууцыг борлуулна. Тиймээс 100 хүртэлх ам метр талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн" гэдгийг тодруулж хэллээ.
Харин Стэнд бай хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэх асуудлын тухайд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ 7 хоногийн сүүлчээр Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ирнэ. Энэ үеэр зохих яриа хэлцэл хийгдэх байх, үүнээс олон зүйл хамаарна гэсэн хариулт өгсөн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах эсэхээ одоогоор хараахан шийдээгүй байгаа. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ирж уулзалт, яриа хэлэлцээ, судалгаа хийх байх. Үүний дараа хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал тодорхой болно. Ирэх оны төсөв батлагдахаас өмнө энэ асуудал шийдэгдэхгүй учраас хэрэв хөтөлбөрт хамрагдахаар тохирвол төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэсэнгүй.