Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн. ОУВС-гаас гаргасан мэдэгдэлд Монгол Улс хэдий хэмжээний зээл хүсэж буй талаар дурдаагүй. Тэгвэл манай улс 1.5 тэрбум хүртэлх ам.долларыг дээрх сангаас авахаар хэлэлцээ өрнөж буйг thediplomat.com цахим хуудсанд мэдээлжээ.
Тус сангаас зээл авах нь буруу, харин Хятадаас авах нь амар бөгөөд хүүгийн хувьд бага гэж үзэж буйгаа манай зарим улстөрч илэрхийлсэн хэмээн тэмдэглэсэн байв. ОУВС-гийн техникийн баг өчигдөр Монголд ирэх тухай мэдээлэл өмнө нь цацагдсан юм.
Монголын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 20 хувьд хүрсэн, ирэх жилүүдэд их хэмжээний, тухайлбал, ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөр хийнэ гэж уг цахим хуудсанд бичжээ. 2018 оны тавдугаар сард “Чингис” бондын 500 сая “ногоон”-ы төлбөр хийх хуваарьтай.
Гэхдээ энэ онд нүүрсний үнэ 150 хувиар өсөж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй эерэг зүйлс бий. Зарим шинжээч Монголын эдийн засгийг 2018 онд долоо, 2019 онд хоёр оронтой тоогоор өснө хэмээн таамаглаж байгааг мөн дурджээ.
Бас Хятад улс манайд дөрөв хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг санал болгосон байж магадгүйг дотоодын хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл дамжуулснаас эш татжээ.