Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоожээ. Санхүүгийн салбарт бий болсон эрсдэлийг бууруулах зорилгоор Хорооноос ийм шийдвэр гаргасан аж. Есдүгээр сарын эцсийн байдлаар манай улсад 509 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өссөн дүн аж. Хэдийгээр тоо нь өсөж буй ч үйлчилгээний чанар, хүртээмж өсөөгүй, хүүгийн түвшин буураагүй байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Тухайлбал, ББСБ-ын зээлийн хэмжээ сүүлийн үед саарсан дүнтай байгаа юм. Энэ оны хоёрдугаар хагасын байдлаар ББСБ-ын зээлийн хэмжээ 13 хувиар өссөн нь жилийн өмнөх үеэс 20 функтээр буурсан дүн аж. Мөн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ ч өссөн байна. Энэ мэтчилэн тоо нь олшрохын хэрээр эрсдэл үүсэж буй тул дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг өсгөх шийдвэр гаргасан байна. Санхүүгийн зохицуулах хорооны энэ шийдвэр зөвхөн шинээр тусгай зөвшөөрөл авах ББСБ-д хамааралтай аж. Мөн дүрмийн санг бүс нутаг болон эрхлэх үйл ажиллагаанаас нь хамаарч харилцан адилгүй тогтоодог гэнэ. Энэ дагуу өмнө нь 20 саяас хоёр тэрбум төгрөгийн дүрмийн сан бүрдүүлэх шаардлагатай байжээ.