“Эрдэнэт үйлдвэр” компанийн Засвар механикийн завод туузан дамжуулгын ролик (өнхрөх дамжуулга) үйлдвэрлэх шугам ашиглалтад оруулахаар болжээ. Тус компанийн зэсийн хүдэр баяжуулах үйлдвэр жилд 4000-5000 ролик хэрэглэдэг аж. Засвар механикийн завод эхний ээлжинд 1500 ролик үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Уг нь шинэ шугам ашиглалтад оруулснаар жилд Засвар механикийн завод жилд 20 мянган ролик үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. Ингэснээр хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломж бүрдэж буй юм. Одоогоор уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэсэгт дөрвөн хүн ажиллах бөгөөд БНХАУ-ын мэргэжилтнүүд тэднийг дадлагажуулжээ. Роликны бэлдэц гол төмөр, холхивчийг гадаадаас худалдаж авах гэнэ. Харин шаардлагатай бусад материалыг дотоодоосоо нийлүүлэх аж.