Монголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компани орон сууцны үнийн индексийн судалгаа хийн, есдүгээр сарын дүнг гаргаснаа өчигдөр танилцууллаа. Энэ хугацаанд дээрх индекс 1.3 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.2, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар доошилсон дүн гэнэ.
Жишээлбэл, “Баянмонгол” хороололд 2015 оны есдүгээр сард орон сууцны нэг ам метр талбайн үнэ 2.016.000 төгрөг байсан бол өнгөрсөн сард дээрх тоо 1.788.000 төгрөг болж, 11.3 хувиар хямдарсан байна. Зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч хуучных нь үнэ бага зэрэг хямдарсан нь орон сууцны индекс буурахад нөлөөлжээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 14.4 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөн гэсэн үг аж. Харин энэ оны эхэн үеэс 3.9, өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар хямдарсан байна. Есдүгээр сард шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 2.036.000 төгрөг байжээ.
Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 2.81, Сонгинохайрханд хамгийн хямд буюу 1.58 сая төгрөг байсан аж. Тэгвэл хуучин орон сууцны үнийн индекс -7 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 0.07 хувиар нэмэгдсэн, оны эхнийхээс 5.7, 2015 оны мөн үеийнхээс 10.3 хувиар доошилсон дүн юм.
Хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 76.4 сая төгрөг болсон нь өмнөх сараасаа 0.8, нэг жилийн өмнөхөөс 13.9 хувиар хямд байгаа аж. Сүхбаатар дүүрэгт хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр буюу 92.1, Сонгинохайрханд 58.2 сая төгрөг байсан нь хамгийн хямдад тооцогджээ.