Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Нэг. Төлөвлөгөөний “Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах ажлын хүрээнд:
1.1.2013 онд батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 тоот “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ын 3.3-т “Мөнгөн хадгаламж байршуулах арилжааны банкыг нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа хувь хэмжээтэй дүйцүүлэн сонгож байх” заалтыг нэмж оруулах саналын төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэхэд бэлэн болсон. Энэ заалт батлагдсанаар тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ үзүүлж байгаа арилжааны банкуудад байрших мөнгөн хадгаламжийн хэмжээ нэмэгдэж тэтгэвэр, тэтгэмж авагчдад олгох зээлийн таатай нөхцөл бүрдэх боломж бүрдэнэ.
Нэг.Төлөвлөгөөний “Нийгмийн даатгалд хамрагдагчдын цар хүрээг нэмэгдүүлж, бааз суурийг өргөжүүлэх ажлын хүрээнд:
1.1.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд иргэд даатгуулагч, аймаг (дүүрэг)-ийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтнуудаас гаргасан хүсэлт, даатгуулагч, иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээний загвар (НД №10)-ыг шинэчлэн боловсруулж батлуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн.
1.2.Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчдад зориулсан тэтгэврийн даатгалын тусгай хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах, арилжааны банкуудтай хамтран ухаалаг банк, ухаалаг гар утас үйл ажиллагааг ашиглан малчид, хувиараа хөдөмөр эрхлэгчид гар утсаараа шимтгэлээ төлдөг, нийгмийн даатгалын тухай хуультай холбоотой бусад мэдээллийг авдаг боломж бүрдүүлэх, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, даатгуулахын ач холбогдлыг ойлгуулах, гарын авлага бэлтгэх, сургалт зохион байгуулахзэрэг ажлуудыг тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан албан даалгаврын төслийг боловсруулж шийдвэрүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.