БНСУ-ын KEPCO, Японы “SoftBank” хамтран Зүүн хойд Азид хэрэгжүүлэх эрчим хүчний төслийн барилгын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр зорьж буйг pulsenews.co.kr цахим хуудас мэдээлэв. Азийн эрчмийн супер сүлжээ байгуулснаар Өмнөд Солонгос, Хятад, Япон, Монголыг цахилгааны шугамаар холбон, нар, салхинаас гаргаж авсан эрчим хүчээ хуваалцах боломж бүрдэх аж.
Өнгөрсөн пүрэв гаригт Сөүлд болсон Дэлхийн мэдлэгийн 17 дугаар чуулганд оролцох үеэрээ KEPCO-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Чо Хван-Ик “Өмнөд Солонгос, Хятадыг холбох сүлжээний урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлсэн” гэжээ.
Энэ үеэр тэрбээр супер сүлжээ байгуулах талаарх төлөвлөгөөг “Азийн ухаалаг эрчим хүчний бүс” байгуулах санаачилга гаргасан, “SoftBank”-ны гүйцэтгэх захирал Масаёоши Сонтой ярилцсан гэнэ. Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Японы хооронд эрчим хүчний сүлжээ барихад долоон их наяд вон (6.2 тэрбум ам.доллар)-оос найман их наяд воны хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Манай улсад сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүчийг хэрэглээ нь нэмэгдэж буй улс орнуудад нийлүүлэх уг төсөлд Монголын “Ньюком” групп, урд хөршийн SGCC оролцож буй аж. Хэрэв дээрх төсөл амжилттай хэрэгжвэл эдгээр орноос гадна Орос, Энэтхэгтэй холбох сүлжээ барих гэнэ.
Одоогоор дөрвөн улс сүлжээний технологио хэлэлцэж буй юм байна. “SoftBank”-ны стратеги, төлөвлөгөө хариуцсан гүйцэтгэх захирал Мива Шигеки “Монголын говь нутаг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй. Бид төслийн явцыг хурдасгах болно” хэмээн ярьжээ.