Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадралаас дараах тодруулгыг авлаа.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдан, 2014 оноос хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах тусгай зөвшөөрлийг хэдэн аж ахуйн нэгж аваад байна вэ?
-Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин манайд бүрдсэн. Энэ сан хамтын болон хувийн гэсэн хоёр хэлбэртэй байх юм. Уг санг хөрөнгө оруулалтын менежментийн компани удирдах ёстой. Ийм эрх авсан компани одоогоор 12 байна.
Одоогоор манай улсад хамтын хөрөнгө оруулалтын сан байхгүй. Харин дөрвөн компани хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулсан.
-Хувийн хөрөнгө оруулалтын дөрвөн сан бий болсон гэлээ. Ямар салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ?
-Хоёр нь үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө босгож эхэлсэн. Одоогоор “Вертус рийл стэйт”, “Блюскай фанд” гэсэн хувийн хөрөнгө оруулалтын сан үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байгаа.
-Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулж, мөнгө босгох ажил яагаад удааширч байна вэ?
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын сангийн үүрэг их бий. Санхүүгийн зохицуулах хорооноос ийм төрлийн сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа.
Гэвч эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулалт татах боломж бага байх шиг байна. Манайх менежментийн компаниудыг гадаадын байгууллагатай холбож өгөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ үйл ажиллагаанд нь шууд оролцохыг хуулиар хориглодог юм.
-Ийм сан хэдэн хүнээс хөрөнгө татан төвлөрүүлэх вэ?
-Доод тал нь тэрбум төгрөг босгох шаардлагатай.
-Гадаадаас хөрөнгө босгох боломж хэр байгаа бол?
-Уг нь ийм боломж бий. Дотоодод санхүүгийн нөөц бага байна шүү дээ.