2005 онд таван сая төгрөгөөр АПУ компанийн хувьцаа худалдан авсан бол өдийд хэдэн төгрөг болж өссөн байх вэ. Хариулт нь 1.2 тэрбум төгрөг. АПУ компанид хийсэн хөрөнгө оруулалт 11 жилийн хугацаанд 240 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Жилд 2200 хувийн өгөөжийг хувьцааны хөрөнгө оруулалтаас хүртэж, 2005 оны таван саятан 10 жилийн дараа тэрбумтан болох байв.
Зарим хүн “Пөөх” гэж уулга алдаж буй байх. Магадгүй зарим нь хувьцааны хөрөнгө оруулалтыг сонирхож эхэлж ч болох юм. Иргэд, хөрөнгө оруулагчид хөрөнгийн захыг ихээхэн сонирхдог. Гэтэл тэнд сонин чамин бараа байна уу. 2005 онд АПУ компанийн нэгж хувьцааны дундаж ханш 1000 орчим төгрөг байсан гэвэл таван сая төгрөгөөр 5000 ширхэг хувьцаа худалдаж авна. Гэтэл энэ компани өдөрт дунджаар 500-1000 ширхэг хувьцаа л арилжиж байна.
Тэгэхээр нэг хүн 5000 ширхэг хувьцаа цуглуулахын тулд нэлээд хугацаа зарцуулах нь ээ. Угаасаа тус компани нийтдээ 742 сая ширхэг хувьцаатай бөгөөд үүний 92 хувь буюу 681 сая нь эздийн гарт төвлөрчээ. Харин үлдсэн найман хувийг нь 3600 гаруй хүн хуваан эзэмшиж, заримыг нь эргэлдүүлдэг юм. Компанийн хувьцааны 90-ээс дээш хувь нь цөөн хүний гарт байгаа үед хөрөнгийн захын арилжаа идэвхтэй байна гэж ярих ч хэрэггүй.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн судалгаагаар тус төвд бүртгэлтэй 300 орчим компанийн хувьцааны төвлөрөл дунджаар 84 орчим хувь байгаа аж. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудынх үүнээс ч илүү юм. Тухайлбал, тус биржийн нэгдүгээр ангилалд багтсан долоон компанийн хувьцаа нь хамгийн ихээр төвлөрчээ.
Хувьцааны ханш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог. Арилжаанд аль болох олон хүн оролцож байж ханш бодитой тогтох боломж бүрдэнэ. Тиймээс дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл болон хувьцаа эзэмшигчдийн тоонд босго тогтоодог байна. Тухайлбал, Австралийн хөрөнгийн бирж хувьцааных нь 90-ээс дээш хувь нь төвлөрсөн компанийг шууд бүртгэлээсээ хасах журамтай.
Харин Хонконгод уг үзүүлэлт нь 80 хувиас ихгүй байх ёстой аж. Мөн тус хөрөнгийн биржид бүртгүүлж, нээлттэй компани болохын тулд багадаа 1000 хувьцаа эзэмшигчтэй байх шаардлага тавьдаг. Ингэж байж хувьцааны ханш зах зээлийн жамаараа тогтдог байна. Харин Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн журмын дагуу 51-ээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол нээлттэй компани болж болно.
Цөөн хувьцаа эзэмшигчтэй, дээр нь нэг хүн олон хувьцаа атгаснаас болж хувьцаа бодит байдлаас хэт үнэтэй, эсвэл хямд тогтох сөрөг үзэгдэл манай зах зээлд элбэг тохиолддог. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжөө шинэчлэн, борлуулалтаа өсгөсөн, үйл ажиллагаа нь амжилттай байгаа компанийн хувьцааны ханш дорвитой өсөхгүй байхад заримынх нь хэд дахин нугарч байгаа нь үүнтэй холбоотой юм.
Тэгвэл компанийн хувьцааг хэрхэн задлах вэ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг хувьцаагаа задлах, нэмэлт хувьцаа гаргах хөшүүрэг хэрэгтэй байна.
Тухайлбал, татварын таатай орчин бүрдүүлэх нь чухал. Хөрөнгө оруулагчдыг ханшийн зөрүүний, ногдол ашгийн, бондын хүүгийн орлогын татвараас чөлөөлөх хэрэгтэй. Мөн биржид бүртгэлтэй компаниуд бол баялгийн хуваарилалтад орж буй юм.
Эдгээр компанийн хувьцааны 80-аас бага хувь нь төвлөрсөн байвал орлогын албан татварыг тодорхой хувиар хөнгөлөх гэх мэт бодлогын таатай орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Түүнээс биш хувьцааны төвлөрлөө багасга гэж шаардаад ямар ч үр дүнгүй юм” хэмээн ярив.
Хувьцааны хэт их төвлөрөл нь зах зээлийг унтуулж, арилжааны идэвхийг сулруулах сөрөг талтай. Гэхдээ компанийн хувьцааг нь хэт задалбал урт хугацааны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг эдийн засагчид сануулдаг. Ялангуяа хөгжлийн эхэн шатандаа байгаа компанийн хувьд эздийн эзэмшлийн хувь бага байх нь сайн үр дүн авчирдаггүй. Харин олон арван жилийн түүхтэй, томоохон аж ахуйн нэгжид төвлөрөл бага байх нь чухал.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хяналтын зөвлөлийн гишүүн Т.Цогтбаяр “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа 220 компанийн 50 нь л цаашид нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, өсөж дэвжих боломжтой. Үлдсэн хэсэг нь биржийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс тэднийг бүртгэлээс хасах, эсвэл биржийн бус зах руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол сайн компаниуд нь хаалттай болоод байна” хэмээн ярьсан юм.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын цөөн хэдийнх нь хувьцааг өдөр тутам арилжиж байна. Биржид бүртгэлтэй хэрнээ үйл ажиллагаа явуулдаггүй, өөр аж ахуйн нэгжид худалдчихсан гэх мэт зөрчил олон гардаг. Иймд Монголын хөрөнгийн бирж жагсаалтаа цэвэрлэж, шинэчлэх хэрэгтэй гэдгийг шинжээчид хэлж байна. Үүний дараа шинээр бүртгүүлж буй компаниудад тавих босгоо өндөрсгөх нь чухал аж.
Санхүүгийн зах зээлийг банк болон хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг. Үүнээс банкинд нэг жилийн буюу богино хугацаат мөнгө эргэлдэж буй. Харин хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай санхүүжилт босгох боломжтой. Банкны салбар санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний эргэлт нь саарч буй юм.
Тиймээс энэ салбарт түгжигдсэн зээлийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үнэт цаасжуулах, аж ахуйн нэгжүүд нь нээлттэй болж хувьцаа гарган өр зээлээ дарах, нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломж бий. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл, банкны салбар хоёул эдийн засгаа тэтгэн тулж байх ёстой.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан “Манай компаниуд өнөөдөр биш юм гэхэд маргааш олон нийтийнх болно” хэмээн ярьсан юм. Сайн засаглал, сайн менежмент, үр ашигтай компаниуд олон нийтийнх байдаг. Нэгэнт дэлхийн чиг хандлага, сонгодог онол нь ийм байгаа учир манай компаниуд ч хөгжлийнхөө явцад хаалттайгаас нээлттэй рүү шилжиж, олон нийтийнх болох байх.
Т.Цогтбаяр “Өмч хувьчлалын үр дүнд манай улсад 475 хувьцаат компани бий болсон. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эдгээрийн зарим нь үндэсний хэмжээний томоохон корпорац болтлоо бойжсон. Одоо эзэд нь компаниа үр хүүхдэдээ өвлүүлэх, эсвэл олон нийтийнх болгож, сайн менежерт компанийнхаа жолоог атгуулан, ногдол ашгаа хүртээд явах боломж бий. Яг одоо олон эзэн ийм сонголтын өмнө ирж байна” гэв.
Одоогоор үндэсний хэмжээний томоохон компаниуд хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ эдгээр компани нээлттэй болж, олон монгол хүн хувьцааг нь эзэмших цаг ойрхон. Харин үүнээс өмнө биржийнхээ жагсаалтыг бүрэн цэвэрлэх, зах зээлээ хөгжүүлэх, дүрэм журмаа тодорхой болгох шаардлагатай байна. Доктор Ж.Дэлгэрсайхан “Хөрөнгийн зах зээл сонгодог зарчмаараа ажиллах ёстой.
Аж ахуйн нэгжүүд эндээс урт хугацаатай санхүүжилт босгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байх ёстой. Ингэж байж төвлөрлөөс ангижирна” гэлээ.
Өөрөөр хэлбэл, энэ зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хаалттай байснаас давуу талтай болсон цагт хувьцааны төвлөрөл одоогийнх шиг асуудал биш болох аж. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцааных нь 90-ээс дээш хувь нь төвлөрсөн компанийн эздэд хаалттай болох боломж бий. Гэхдээ одоо хүртэл нээлттэй хэвээр байгаа нь энэ зах зээлд үйл ажиллагаа явуулж буйн давуу тал хэзээ нэгэн өдөр гарна гэсэн хүлээлттэй нь холбоотой аж.
Иймд компаниудыг хувьцаагаа задал гэж шахахаас илүү хөрөнгө босгох, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, засаглалаа сайжруулах боломжийг нь олговол зах дээрх барааны тоо өсөж, иргэд ч эзэмших боломж бүрдэх юм. Хэрэв захад бараа байвал худалдан авагч цөөдөхгүй гэдгийг хувьцааны дансаа нээлгэж буй иргэдийн идэвхээс харж болно.