Монгол Улс энэ оны эхний есөн сард 155 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлт 5.78 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.33, импорт 2.44 тэрбум ам.доллар болж, гадаад худалдаа 884 сая ам.долларын ашигтай гарав. Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 616.9 сая ам.доллар буюу 9.6 хувиар буурсан байна. Үүнээс экспорт 208.1, импорт 408.8 сая ам.доллароор багасчээ.
Зэсийн баяжмалынх 441.8, боловсруулаагүй нефтийнх 56.5, нэхмэл бүтээгдэхүүнийх 8.9 сая ам.доллароор буурсан нь экспорт 5.9 хувиар багасахад нөлөөлсөн аж. Гэсэн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 115.2, нүүрснийх 76.9 сая ам.доллароор өссөн байна.
Дизелийн түлшнийх 126.5, автобензинийх 69, төмөрлөг бүтээгдэхүүнийх 134.4, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 65.6 сая ам.доллароор багассан нь импорт жилийн өмнөхөөс 14.3 хувиар буурахад нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлс нийт экспортын 84.4 хувийг эзэлж байгаа аж. Тэгвэл импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж буй гэнэ.