Өнгөрсөн есдүгээр сарын эцсийн байдлаар Төвбанкинд тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрчээ. Уг үзүүлэлт нь 2015 оны мөн үетэй харьцуулахад даруй 34 хувиар илүү аж. Иймээс энэ оны эцэст тушаах алтны хэмжээ нэмэгдсэн дүнтэй гарна хэмээн Төвбанкныхан төсөөлж буй гэнэ.
Алт нь гадаад валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэрийн нэг билээ. 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж иржээ. Тодруулбал, тухайн үед тус банкинд 12.7 тонн шар металлыг иргэд, аж ахуйн нэгжүүд тушааж байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд 15.1 тонн шар металл тушаасан нь сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр түвшин юм байна.
Мөн алт тушаасан иргэдийн тоо ч өсөж, давхардсан тоогоор 2026, аж ахуйн нэгжийнх 1858-д хүрснийг Төвбанк мэдээлэв. Дашрамд дурдахад, 2005 онд Монголбанк 15.23 тонн алт худалдан авч байсан нь 1990 оноос хойших хамгийн их дүн болж байсан юм. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар Монголбанкинд тушаах алт 14.8 тоннд хүрнэ гэж тооцоолжээ.