Төсвийн төсөл анх боловсруулсан зарчмаараа батлагддаггүй, бас үүний дагуу хэрэгждэггүйг ч бид мэднэ. Дэлхийн болон дотоодын эдийн засгийн нөхцөл, улс төрийн бодлогоос хамаарч хувьсан өөрчлөгддөг. Өөрчлөгдөж мэдэх, төсөвт бэрхшээл учруулах эрсдэлүүдийг “томруулдаг шил”-ээр харъя. Ямар дүр зураг тодрох бол. Уул уурхай болон дагалдах дэд бүтцийн мега төслүүдийг эрчимжүүлснээр овоохон орлого төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.
Мөн уул уурхайн түүхий эдийн үнэ унах магадлал өндөр байна. Хэрэв үнэ хямдарвал төсөвт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Төрийн өмчит зургаан аж ахуйн нэгжийг хувьчилж, чамгүй орлого олох гэнэ. Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, 100 гаруй тэрбум төгрөгийн зардал хэмнэх санаачилга гаргасан байна.
Засгийн газар ирэх жил 6.6 их наяд төгрөгийн зээл дахин санхүүжүүлнэ. Энэ бол төсөвт эрсдэл учруулж мэдэх л үйл явц. Бүх төрлийн татвар, хураамжийн орлого хэвийн байх болов уу гэж найдаж байгаа. Харин дэлхийн зах зээл, улс төрийн бодлогоос шалтгаалах дээрх зүйлс төсөвт савлагаа үүсгэж мэднэ.
Энэ удаагийн төслөөр төсвийн орлогыг өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн хэмжээнд тогтоосон нь олны талархлыг хүлээж буй. Өмнөх жилүүдэд төсвийн орлогын төлөвлөгөө үргэлж 600 орчим тэрбум төгрөгөөр тасарч ирсэн юм.
Ирэх жилийн төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар байгаа. Хавтгайрсан халамжийг танахгүй, өмчөө хувьчлахгүй, том төслүүдээ эрчимжүүлэхгүй бол төсвийн алдагдал гурван их наяд төгрөгт ч хүрч болзошгүй байна. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Энэ удаад 2017 оны төсөвт учирч болзошгүй эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийлээ.
УЛСТӨРЧДИЙН ГАЦААСАН УУЛ УУРХАЙ
Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай болсон нь гарцаагүй үнэн. 2017 оны төсөвт уул уурхайн салбараас нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцож буйгаас үүнийг харж болно. Манайх зургаан их наяд төгрөгт хүрэхтэй үгүйтэй хэмжээний төсөвтэй улс шүү дээ. Энэ салбарын орлого төсвийн 14 хувийг эзэлдэг болжээ. 2011 онд 35 хувийг бүрдүүлж байснаас үлэмж хэмжээгээр буурчихаж.
“Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг уул уурхайн, Тавантолгойн цахилгаан станц гэх мэт дагалдах төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр төсөвт 250 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж Сангийн яамныхан тооцжээ. Дээрх төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж чадахгүй бол төсвийн алдагдал 250 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Цаад утгаараа Засгийн газрын өр ч өснө. Алдагдлыг өр тавьж, нөхөх учраас тэр.
“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлсэн. Ирэх онд улам эрчимжих нь тодорхой. Тиймээс уг төслөөс орох орлого буурах магадлал багатай юм. Харин “Тавантолгой”, “Гацуурт”, Тавантолгойн цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалт эрчимжих, эсэх нь эргэлзээтэй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Уул уурхайн төслүүдийг “хөдөлгөнө”. Хөдөлгөхөөс өөр аргагүй” гэж ярьсан.
Гэвч улс төрчид өөрийнх нь үзэл бодол, эрх ашигт нийцэхгүй бол эдгээр төслийг ямар ч үнээр хамаагүй зогсоох гэж оролдох нь дамжиггүй. “Тавантолгой”, “Гацуурт”-ын бүтээн байгуулалт эхлэхгүй байгаа нь улстөрчдийн хүсэл сонирхолд нийцээгүйгээс л үүдэл тэй. Гэхдээ МАН-ынхан энэ удаа үнэмлэхүй ялалт байгуулсан учир бяр заан, эдгээр төслийг хөдөлгөж магадгүй л юм.
Зэсийн баяжмалын экспортоос төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцжээ. Уул уурхайн түүхий эдийн ханш сүүлийн дөрвөн жил дараалан унасаар байгаа. Өдгөө дэлхийн зах зээлд нэг тонн зэсийн баяжмал 4750 ам.долларын үнэтэй байна. Үүнээс ч доошлох магадлал өндөр байгааг шинжээчид сануулж буй. Зэсийн үнэ 100 ам.доллароор хямдрахад төсвийн орлого дөрвөн тэрбум төгрөгөөр багасна гэсэн таамаг гаргажээ.
Шаргал металлын ханш 4000 ам.доллар руу “гулсвал” төсвийн орлого 30 тэрбум төгрөгөөр тасрах нь. Мөн коксжих нүүрсний үнэ унах өндөр магадлалтай байгаа аж. Учир нь манай гол худалдан авагч Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 20 сая тонноор багасна гэж Австрали улсын Аж үйлдвэр, инновац, шинжлэх ухааны газрын эрхэлдэг сэтгүүлд нийтэлжээ. Энэ жил хятадууд 790 орчим сая тонн ган үйлдвэрлэсэн байна.
Нүүрсний үнэ таван ам.доллароор буурахад төсвийн орлого 12 тэрбум төгрөгөөр багасах тооцоотой. Гангийн үйлдвэрлэл нь хумигдвал өмнөд хөршийн коксжих нүүрсний эрэлт ч буурах магадлалтай. Нүүрсний экспорт нэг сая тонноор буурахад төсвийн орлого 4.5 тэрбум төгрөгөөр багасах юм байна. Уул уурхайн салбараас шалтгаалж төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл харагдав.
ХАЛАМЖИЙГ ТАНАХ ТАНИЛ САНАЛ
Улстөрчид халамжлагчийн дүрд тоглож, иргэдэд хайр зарлахдаа гаргууд. Тэд олон нийтийг сэтгэлийг татахын тулд халамж амласаар сүүлдээ энэ нь нийгмийн өвчин болжээ. Хөгжлийг урагшлуулах санал санаачилга дэвшүүлэхийн оронд өөрийгөө бусдаас онцгой харагдуулахын тулд шинэ халамж санаачлах нь улстөрчдийн өвчин. Тэгээд хожим нь “Би үүнийг санаачилсан” гэж цээжээ ханхалзуулна.
Халамжийг хавтгайруулан олгох нь зүй бус үйлдэл бөгөөд иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, эцэстээ эдийн засагт хохирол учруулдгийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Гэсэн ч эрх мэдлээ хадгалан үлдэхийн төлөөх атгаг хүсэлдээ эзэмдүүлдэг бололтой. Иргэд нь халамжуулахдаа дуртайг яана. Ямар ч баян улсын иргэд үнэгүй зүйлд нугасгүй байдаг гэнэ лээ.
Нийгмийн ийм сэтгэл зүй нь аав, ээж нь баян, ядууг ялгалгүй хүүхэд бүрт сарын тэтгэмж, мөн оюутан, сонсогч бүрт цалин, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгохыг хүлээдэг болжээ. Халамж цаашдаа “насны хишиг” гэх мэт олон төрлөөр баяжих нь. Гэхдээ иргэн бүртээ сар тутам мөнгө тарааж байсныг бодвол халамжийн бодлого арай дээрдсэн л дээ.
Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхийг манай сонин дэмждэг. Энэ удаад Сангийн яамныхан хавтгайрсан халамжийг танах санал дахин өргөн бариад байна. Хүүхдийн мөнгийг нийт өрхийн 60 хувьд буюу орлого багатай хэсэгт олгохоор болжээ. Үүнээс 61.6 тэрбум төгрөг хэмнэх нь. Мөн их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурч буй оюутнуудад олгодог цалинг зогсоох саналтай байгаа. Ингэснээр төсвийн зардал 52.5 тэрбум төгрөгөөр багасах юм байна.
Оюутнуудын нийтийн тээврийн татаасыг 50 хувь бууруулснаар есөн тэрбум төгрөг хэмнэх гэнэ. Хоёр төрлийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, нэгийг нь зогсоосноор төсвийн зардал нийт 123 тэрбум төгрөгөөр буурах аж. Төсвийн орлого багасаж, зардал нь өссөн өнөө үед нэг тэрбум төгрөгийг ч хэмнэх нь чухал. Ялангуяа хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хэмнэлт хийх нь зүй ёсны шийдвэр билээ.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх санаачилгыг эсэргүүцэх УИХ-ын гишүүн “босож” ирэх нь дамжиггүй. Олон нийтэд нэр хүндээ өсгөөд, халамжлуулагчдын нүдэнд өртөх боломжийг ашиглахаас хэн татгалзах вэ. Тэгээд ч МАН-ын үндсэн бодлого нийгмийн халамжийг хавтгайруулахыг дэмждэг шүү дээ. Ер нь халамжийг танах, хумих санаачилга бүр эсэргүүцэлтэй тулгардаг нь гэм биш.
Үүнээс хэмнэлт хийж чадах, эсэх нь төсвийн эрсдэл юм. УИХ-ын гишүүдийн олонх хавтгайрсан халамжийг хэвээр үлдээхийг дэмжвэл Сангийн яамныхан яаж ч тийчлээд нэмэргүй. Өмнө нь халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх санал гаргаад, ам руугаа алгадуулж байсан гашуун туршлага тэдэнд бий. Хавтгайрсан халамжийг зогсоон, зорилтот бүлэгт чиглүүлэхгүй бол зарцуулах хөрөнгө нь жилээс жилд өссөөр байх юм. Өмнөх нь дараагийн халамжийг бий болгох хөрс суурийг бүрдүүлсээр байдаг гэмтэй. Иймээс халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэхийг дэмжих нь зөв.
Өрөө удирдах төлөвлөгөө Засгийн газарт алга
Манай улс ирэх онд жилийн төсвийн орлогоосоо давсан хэмжээний зээл төлөх ёстой гэж Сангийн сайд саяхан мэдэгдэж, олон хүнийг алмайруулав. Бүтэн жилийн төсвөө зээлийн өрийн үйлчилгээнд өгчихвөл бид юу өмсөж зүүж, юугаар амьдрал ахуйгаа залгуулах вэ. Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн нийт өр одоо 21.1 орчим их наяд буюу ДНБ-ий 87.5 хувьтай тэнцэж байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тооцдог аргачлалаар бол манайх шиг жижиг, нэг салбараас хэт хараат эдийн засагтай орны хувьд энэ нь өндөр үзүүлэлт юм.
Олон улсын валютын сангийнхан манайх шиг дундаж орлоготой орны өр ДНБ-ий харьцаа нь 40 орчим хувьтай байх нь зохистой гэж үздэг. Харин манайх энэ жишгээс хоёр дахин өссөн нь өрийн эрсдэл газар авсныг харуулж байна. Гэхдээ зөвхөн Засгийн газрын өр гэдгийг санах учиртай. Хэрэв олон улсын жишгээр Төвбанкны өрийг нэгтгэн тооцвол аль хэдийнэ савнаасаа хальсан хэрэг.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төвбанкны өр 1.8 тэрбум ам.доллар буюу дөрөв орчим их наяд төгрөг байна. Энэ нь Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн дүн юм. Своп хэлцэл буюу хоёр орны Төвбанк үндэсний мөнгөн тэмдэгтээ тодорхой хугацаагаар солилцсон дүнг өрийн үзүүлэлтэд шууд хамруулдаггүй. Гэхдээ Хятадын Төвбанк манай төгрөгийг солилцоогүй, манайх л юанийг нь ашиглаж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Манай Засгийн газрын гадаад өр оны эцэст 11.7 их наяд төгрөг болох нь. Үүний 4.9 нь үнэт цаас, 6.8 нь гадаад зээлээс бүрдэх юм. Гэтэл үүнээс дутахааргүй их өр дотоодод “бойжиж” байна. Тухайлбал, энэ онд Засгийн газрын дотоод өр 5.8 их наяд төгрөг байх бол ирэх онд 7.6 болгон өсгөхөөр төлөвлөжээ. Ингээд ирэх онд нийт 5.2 их наяд төгрөгийн бондын өр төлж барагдуулах үүрэг хүлээж байна.
Үүнээс гадна Засгийн газрын баталгаатай гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг үнэт цаас гарган дахин санхүүжүүлж таарна. Өрийн үйлчилгээний төлбөрийн төсвийн зарлагад эзлэх хувь энэ мэтчилэн хүрээгээ тэлсээр нэг л мэдэхэд дааж давахааргүй их тоо болжээ. Өнгөрсөн онд зөвхөн гадаад зээлийн төлбөрт хоёр их наяд төгрөг төлж байсан бол ирэх жил энэ хэмжээ нь 13 дахин өсөхөөр байгаа юм. Өр төлбөрийн хэмжээ ийнхүү нэмэгдсээр байвал төсвийн хөрөнгө оруулалтаар барилга бариулах, бараа үйлчилгээ худалдан авах нь бүү хэл цалин, тэтгэврээ ч цагт нь тавихад хүндрэлтэй болох нь.
ДНБ-д харьцуулсан өрийн хэмжээг энэ онд 88, ирэх жил 85 хувь болгон аажмаар бууруулах төсөөлөл Засгийн газарт байгаа. Гэвч энэ нь багасах биш, харин ч өсөх бололтой. Засгийн газар хүүгийн зардал багатай эх үүсвэр бүрдүүлж, өмнөх зээлээ дарах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид манай бондыг 11 хувиас бага хүүтэйгээр авахгүй гэдгийг шинжээчид хэлдэг. Иймд бондыг бондоор дарах нь өнөөгийн нөхцөлд тийм ч оновчтой арга биш аж. Олон улсын байгууллагууд ч манай Засгийн газрын өрийг цаашид өснө гэж төсөөлж байна.
Тухайлбал, Дэлхийн банкны эдийн засагчдын тооцоогоор өрийн хэмжээ ирэх онд ДНБ-ий 106, 2018 онд 113 хувьд хүрэхээр байгаа гэнэ. Тиймээс өрөө зөв удирдахын тулд зах зээлээ сайжруулах, валютын урсгалаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна. Үүний тулд “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг томоохон төслөө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй юм. Ингэж чадахгүй бол өрийн дарамт улам л нэмэгдэх нь.
Хувьчлах нь худлаа ч байж мэднэ
Ирэх оны төсвийн төсөлд өмч хувьчлалын орлогоор 120.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ. Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”, “Оргил” рашаан сувилал, “Монголын цахилгаан холбоо, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс”, “Авто импекс”-ийг хувьчлан, бас объект худалдахаар тусгасан байгаа юм. Өмнөх жилүүдэд Төрийн банкийг хувьчилна гэж байсан нь өдгөө ч биеллээ олоогүйг бид мэднэ. Өмч хувьчлалын орлогоор 2016 оны төсөвт нийт 171 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байсан. Дээр дурдсан Төрийн банк, “Монголын хөрөнгийн бирж”-ийг хувьчлан 80 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлнэ гэж тусгаж байлаа.
2016 оны төсөвт Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байснаа энэ удаа дахин “шигтгэжээ”. Өнгөрсөн онд тус банкны өөрийн хөрөнгө 168, ашиг нь 14 тэрбум төгрөгт хүрч байсан гэнэ. Тэгэхээр Төрийн банкийг хувьчлах үнийн дүн болох 75 тэрбум төгрөг үнэхээр багадахаар байгаа биз. Сангийн яамныхан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг хувьчлахыг 2014 онд санал болгож байв. Тус компанийг 2016 оны төсөвт таван тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байсан нь мөн л хэрэгжээгүй. Ирэх жилийн төсөвт дээрх тоог 20 тэрбум хүртэл нэмэгдүүлжээ.
Тэгэхээр өмнө нь тодорхой хувийг нь хувьчилна гэж байсныг нэмэгдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ оны эхний хагаст “Монголын хөрөнгийн бирж” 613 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийн дүнтэй гэсэн тооцоо гарсан байна. “Ард капитал” компанийн ерөнхий захирал Б.Өлзийбаяр “Монгол Улс биржээ хувьчилна гэвэл хөрөнгө оруулагчдад сайн PR болно. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Улмаар валют орж ирнэ, ханш нь тогтворжино. Түүнийг дагаад хувийн хэвшил ч хөгжинө. Хувийн хэвшлийнхэн өнөөдөр дангаараа хөгжиж чадахгүй байна шүү дээ” гэсэн юм.
Төрийн өмчит компаниудын дийлэнх нь алдагдалтай үйл ажиллагаа явуулсаар ирснийг бүгд мэднэ. Иймээс ч хувьчлах нь зүйтэй гэдэг. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд компаниудыг хувьчилна гэчихээд хэрэгжүүлдэггүй тал бий. Яаж хийх арга нь тодорхойгүй байсаар дараа жилийнхээ төсөвтэй золгодог гэмтэй. Компаниудыг хувьчлахгүй бол төсвийн орлого дутах эрсдэлтэй. Харин өндөр үнэ хүргэн хувьчилж чадвал орлогод эерэг нөлөөтэй нь тодорхой.
БАЙР СУУРЬ
-Ирэх оны төсвийн төслийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хэр болсон гэж үзэж байна вэ. Эдийн засгийн хүндрэлтэй үед зохицсон төсөл болж чадсан уу?
Орлогоо зөв таамаглах нь чухал
Б.ЭРДЭНЭБАТ (МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор):
-Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 18.2 хувьд хүрэхээр хүлээгдэж байна. Дэлхийн банкны статистикаар энэ нь 1960 оноос хойш улс орнуудын түүхэнд ховорхон гарч байсан, асар их хэмжээний прогнозын алдаа юм. Төсвийн алдагдал нь орлогын өндөр таамаглал, түүнтэй уялдаж хэт ихээр зардлаа төсөвлөсөнтэй холбоотой байдаг.
2017 оны төсвийг зохиоход тулгарч буй хамгийн хэцүү зорилтуудын нэг нь орлогыг таамаглах. Орлогоо хэт өөдрөгөөр таамагласнаар дараа нь төсөв танагдах, татвар нэмэх, эсвэл энэ хоёрын аль алийг нь хэрэгжүүлэх таагүй үр дагаварт хүргэж болно. Гэхдээ хэт гутранги таамаглах нь төсвийн илүүдэл бий болгоно.
Энэ нь шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн улстөржих үүд хаалгыг нээх, урт хугацаанд санхүүжүүлээд байх боломжгүй нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх аюулд хүргэдэг. Ийм алдаагаа давтсаар л бид өнөөдөртэй золгож байна. Иймд татварын орлогыг бодитоор, шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглах нь нэн чухал. Энэ асуудлаар УИХ лавшруулан судлах, өмнөх хүмүүсийн алдааг давтахгүй байх хэрэгтэй.
Яагаад Монгол Улсын төсвийн орлогын таамаглал, гүйцэтгэл нь өнгөрсөн 20 гаруй жилд байгаагүйгээр хоорондоо зөрөв гэдгийг тогтоохын зэрэгцээ бусад улсад хэрэглэж буй ямар аргаар тооцвол хэр үр дүнтэй байх вэ гэдгийг тогтоох нь зүйтэй. Энэ нь уул уурхайд эрчимтэй тулгуурлахын хэрээр улам бүр савлагаатай болж буй Монгол Улсын төсвийн орлогын онцлог юм.
Эдийн засгийн мөчлөг уул уурхайн салбарынхтай нягт уялдаатай болсон. Тус салбарыг улстөржүүлсэнтэй холбоотойгоор олон нийт удахгүй баяжих юм байна гээд баян хүмүүсийг дагаж зээл их авсан. Миний бодлоор Монгол Улсын эдийн засаг, түүнээс хамаарах татварын орлого ирэх онд энэ жилийнхээс улам таагүй нөхцөлд байх болов уу.
Шинээр олгож буй зээлийн хоёрдугаар улирлын тоон мэдээллээс харвал бүртгэл эхэлснээс хойш хамгийн хурдацтайгаар уналаа. Тэр дотроо хэрэглээний болон барилгын салбарын зээлийн эрэлт огцом багасаж байна. Зардлын хувьд төсвийн үр ашиггүй байдал, ялангуяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэсэг бүлэг хүний мөнгө хүүлэх хэрэгсэл болон хувиргаж байгаа асуудлыг яаравчлан зогсоох ёстой.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал энэ төсвөө дахин танах болов уу
Б.МӨНХДӨЛ (“Cover Mongolia” компанийн ерөнхий захирал):
-2.6 их наяд төгрөг гэдэг бол том алдагдал. Том төслүүдээ хөдөлгөж, төрийн өмчөө хувьчлах нь зөв. Гэхдээ ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал энэ төсвөө дахин танах шаардлага гарах болов уу. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү бодитой болсон гэж болох ч эдийн засгийн өсөлтөө, орлогоо хэт өөдрөгөөр төсөөлдөг зуршлаасаа бид салаагүй л байна.
Жил жилийн төсөв хувьчлалын орлогод хэт их найдсан байдаг. 2017 оны төсвийн төсөл ялгаагүй л боллоо. Хувьчлах эсэх нь тодорхой болоогүй байхад төсвийн орлогодоо оруулж тооцсоноор зардлаа ихэсгэх боломжийг Засгийн газар өөртөө бүрдүүлж байгаа юм.
Мөчлөг дагасан бус, сөрсөн бодлого хэрэгтэй
Б.БАЯРДАВАА (Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал):
-Нэг талаас төсөв сахилга баттай байвал мөнгөний бодлого нь зөөлөрч, энэ хоёр хослоод макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл рүү явах нь зөв. Ялангуяа эдийн засаг өсөх үед ийм бодлого хэрэгжүүлбэл унахад нь мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа тэтгэх боломжтой. Ингэснээр дунд болон урт хугацаанд макро эдийн засаг тогтворжих юм.
Эдийн засаг энэ онд 17 хувиар өссөн хэрнээ хойтон жил нь хасах үзүүлэлттэй байх нь сайн үр дүн авчрахгүй. Харин тогтмол байх нь чухал. Ханш, зээлийн өсөлт, хадгаламжийн хүү, мөнгөний нийлүүлэлт тогтвортой байх ёстой. Үүнийг л макро эдийн засгийн тогтвортой байдал гэж хэлж буй юм. Эдийн засаг гадаад, дотоодоос сөрөг шоктой тулгарч л байдаг. Хамгийн гол нь үүнийг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой юм.
Хувийн сектор нь өсөж байгаа бол бага зэрэг хумьсан бодлого хэрэгтэй. Гэтэл ийм үед тэлэхээр төсвийн бодлогын орон зайг үгүй хийж, мөнгөний бодлого нь валютын нөөцөө шавхах байдал руу шилжиж байна. Эдийн засгийн уналтын үед төсвөө тэлье гэхээр өрийн дарамт өсөх эрсдэл үүснэ. Мөн мөнгөний тэлэх бодлого ч хэрэгжүүлэх боломжгүй байна.