Дэлхийн банк манай бүс нутгийн эдийн засгийн ирэх оны төлөвийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ онд манай улсын эдийн засаг өсөхгүй хэмээн Дэлхийн банкны шинжээчид таамаглаж буй аж. Харин “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын нөлөөгөөр 2018-2019 онд бага зэрэг сэргэх төлөв бий гэнэ.
Тухайлбал, энэ оны эцэст манай ДНБ 0.1, хойтон хоёр, 2018 онд 3.5 хувиар тэлнэ гэж төсөөлсөн байна. Ерөнхий сайд “Тавантолгой”, “Гацуурт” зэрэг төслийг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн амласан. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ч эрчимжүүлнэ гэж буй юм. Ийнхүү томоохон төслүүд “хөдөлж”, Оюутолгойн далд уурхай ажиллаад эхэлбэл дунд хугацаанд буюу 2018- 2020 онд манай эдийн засаг эргэн сэргэх боломжтой гэнэ. Гэхдээ бидний өмнө хэдэн өндөр даваа бий.
Дэлхийн банкны эдийн засагчдын тооцоогоор манай Засгийн газрын өр жилийн эцэст ДНБ-ий 90 хувьд хүрэхээр байгаа аж. Тиймээс төсвийн алдагдлыг багасгах нь хамгийн эхэнд хийх, чухал ажил гэдгийг сануулж байна. Ингэхдээ төсвөөс гадуур хэрэгжүүлж буй элдэв хөтөлбөрийг зогсоох, Төвбанк Засгийн газрын ажлыг санхүүжүүлэхээс илүү үнийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын нөөц бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв.
Манай улс ойрын хоёр жилд 1.2 тэрбум ам.долларын бондын төлбөр хийнэ. Төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 19 хувьд хүрнэ. Мөн зээлийн хүүгийн төлбөр нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэхээр байгаа юм. Энэ нь төлбөрийн тэнцэл, төсвийн дарамтыг нэмж байна. Төвбанк наймдугаар сард мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгжээр өсгөсөн нь ханшийн савлагааг намжаахад нөлөөлсөн юм. Гэхдээ төсвийн болон төлбөрийн тэнцлийн эрсдэл учирч байгаа тул нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй аж. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн далайцтай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.
Мөн манай улс энэ онд анх удаа дефляцтай нүүр тулсан. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцийн түвшин 2014 оны дунд үеэс доошилж эхэлсэн бөгөөд уг инерциэ энэ онд ч хадгална гэдгийг шинжээчид хэлж байгаа. Харин Дэлхийн банкны эдийн засагчид инфляц энэ онд 1.8, хойтон 4.5 хувьтай байх таамаг гаргасан аж. Мөн өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2018 онд 106, 2019 онд 113 хувь байх төлөв бий гэнэ.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг ирэх гурван жилд тогтвортой өсөхөөр байгааг хагас жилийн тайланд онцолсон байна. Гэхдээ улс орнуудын эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байгаа тул төсвийн дарамтыг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэжээ. Хятад улсын эдийн засаг тогтвортой өсөх бөгөөд энэ онд 6.7, ирэх жил 6.5, 2018 онд 6.3 хувиар өснө хэмээн таамагласан байна.
Мөн энэ бүс нутгийн орнуудын эдийн засаг дунджаар 4.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Дэлхийн эдийн засгийн идэвхжил сул, гадаад эрэлт багассан ч уг бүс нутгийн орнуудын ДНБ тогтвортой өсөх өөдрөг төлөв бий. Үүнд улс орнуудын дотоод эрэлт болон хөрөнгө оруулалт тогтвортой байгаа нь голлон нөлөөлж байна. Мөн цаашид эдийн засгийн өсөлтөө хадгалах, илүү хүртээмжтэй байхад анхаарах хэрэгтэй” гэжээ.
Хятад улс хэрэглээ, үйлчилгээ болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү шилжиж, аж үйлдвэрлэлийнх нь идэвх буурч буйгаас шалтгаалан эдийн засгийн өсөлт нь бага зэрэг саарч байгаа. Энэ бүс нутагт Филиппиний эдийн засгийн өсөлт хамгийн эерэг байгаа бол Вьетнамд ган гачиг нүүрлэснээс үүдэн буурах хандлага бий гэнэ. Мөн Индонезийн ДНБ алгуур тэлж, 2018 онд 5.5 хувьд хүрэхээр байгааг уг тайланд дурджээ.
Харин Малайз улсад газрын тос, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын эрэлт багассан тул эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх аж. Харин манай орны хувьд ДНБ өнгөрсөн онд 2.3 хувиар тэлсэн бол энэ онд бараг өсөлтгүй байхаар байна. Үүнд экспорт багасаж, өрийн хяналт суларсан нь голлон нөлөөлсөн хэмээн онцолжээ. Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Судир Шетти “Дэлхий эдийн засгийн өсөлт саарч, Хятадад идэвхжил шинжээчдийн таамагласнаас хурдтай доошилж байгаа нь тус бүс нутгийн эдийн засгийн дархлааг сулруулж болзошгүй юм.
Энэ нь бодлого боловсруулагчдад санхүүгийн болон төсвийн бодлогоо боловсронгуй болгох хэрэгтэйг сануулж байна” хэмээн ярьжээ. Мөн уг тайланд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай дөрвөн зүйлийг тусгасан байна.
Үүнд нэгдүгээрт, Хятад хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах замаар хот руу чиглэсэн нүүдлийг бууруулахад анхаарах. Хоёрдугаарт, бүс нутгийн бусад орны хувьд төсвийн зардлыг тэнцвэржүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах. Гуравдугаарт, бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, тэжээллэг хоол хүнсээр хангах арга хэмжээ авах. Дөрөвдүгээрт, санхүүгийн үйлчилгээг сайжруулахад технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй гэжээ.