Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны төвлөрлийн судалгааг өчигдөр танилцууллаа. Уг судалгаанд тус төвд бүртгэлтэй 310 компанийг хамруулжээ. Эдгээрээс 30 орчим нь төрийн мэдэлд байгаа бөгөөд дийлэнхийг нь 100 хувь эзэмшиж буй юм.
Мөн компаниудын нийт хувьцааны 70-аас дээш хувийг 3-4 хүн л “атгаж” байгааг эндээс харж болох нь. Үүнээс гадна Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болон хаалттай компаниудын таван тэрбум орчим хувьцаа нь 1000 хүнд ногдож байгаа бол үлдсэн 300 сая ширхгийг нь 300 мянга шахам хүн эзэмшдэг аж. Энэ нь нэг хүнд дунджаар 1000 хувьцаа ногдох үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл, нийт хувьцааны 35 хувь нь төр, 61 нь 1000 орчим хүнд бүртгэлтэй байна. Харин үлдсэн гурван хувь нь л 300 гаруй мянган хувьцаа эзэмшигчийнх юм. Энэ нь манай улсад хувьцааны төвлөрөл маш их байгааг харуулж байна. Компанийн хувьцааны 70-аас дээш хувийг атгасан хүн үүнийгээ задлах сонирхолгүй байдаг.
Монголын хөрөнгийн биржийн арилжааны идэвх сул, мөнгөн дүн нь бага байдаг нь ч үүнтэй холбоотой гэдэг. Сүүлийн үед биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг задлах, хэт төвлөрсөн бол хаалттай болгох талаар ярьж буй ч үр дүнд гарахгүй байгааг энэхүү судалгаа харуулж байна.