Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзжээ. “MCS” группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг нар уулзалтад оролцсон байна.
Тэд эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлжээ. Улмаар борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах, зах зээл дэх бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах, “Монголын хөрөнгийн бирж”-ийг хөгжүүлэх, Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах төслөө товч танилцуулсан аж.
Энэ үеэр Ч.Ганхуяг “Ипотекийн зээлийн бодлогын алдаа барилгын компаниудын үйл ажиллагааг тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө. Зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо багассангүй. Иймд ашиглалтад орсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай бонд гарган борлуулж, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.
Тэгвэл Ж.Оджаргал “Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ эдийн засгийн хүссэн үр ашгаа олж чадахгүй. Дэлхийн гангийн том үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх коксжих нүүрс гаргахын тулд Монголд нэг стандарт хэрэгтэй. Төр компаниудаас нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй” гэсэн байна.
Тэд Ерөнхий сайдтай тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Уулзалтын үр дүнд Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах талаар дахин ярилцан, холбогдох судалгааг хийхээр болжээ.