"Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, компанийн эдийн засаг хүндрэлтэй байгаа ч "Эрдэнэт үйлдвэр" нийгмийн хариуцлага болон улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа. "Эрдэнэт үйлдвэр" 2013 оноос 2016 оны наймдугаар сар хүртэл улсын болон орон нутгийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөгийн орлого оруулсан. Үүнээс онцолбол, 2015 онд 379 тэрбум төгрөг, 2016 оны эхний найман сарын байдлаар 134 тэрбум төгрөг төвлөрүүлжээ" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлэхдээ "Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа 100 хувь биелүүлж ажиллаж байна. Бид өвлийн бэлтгэл ажлаа хангаад явж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн "Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна" гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр нь 2015 онд 284 тэрбум төгрөгийн татвар Улсын төсөвт төлж байсан бол 2016 оны эхний 8 сард ердөө 20 тэрбум төгрөг төлсөн, Оюутолгой компанитай харьцуулахад 10 дахин бага байгаа гэж тайлбарласан. Бодит байдлыг авч үзвэл, Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд Улсын болон орон нутгийн төсөвт нийт 134 тэрбум төгрөгийн татвар, үүнээс 64 тэрбум төгрөгийн татварыг Улсын төсөвт төлсөн. Учир нь Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийн дагуу 2016 онд төлөх ёстой байсан АМНАТ-ын төлбөрөөс 70 тэрбум төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-нд банкнаас өндөр хүүтэй зээл авч урьдчилан төлсөн" хэмээн тайлбарлалаа.
Мөн "Татварын ерөнхий газраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайд өгсөн мэдээлэл өрөөсгөл, дутуу мэдээлэл очсон учир буруу мэдээлэл нийгэмд тараад байна. Харин ч бид 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөсөө авлагатай явж ирсэн. Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг ч цагт нь тавиад явж байгаа учраас Эрдэнэт үйлдвэрийн дотоод үйл ажиллагааг битгий улс төрд хутгаасай гэж хүсэж байна. Хэрэв улс төржмөөр байгаа бол "Эрдэнэт" үйлдвэрийг тойрч улс төржөөсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид болон 51 хувийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- "Эрдэнэт" үйлдвэр ажилчдаа халж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл огт байхгүй. Ямар ч халаа, сэлгээ болоогүй. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт 6092 ажилтан ажиллаж байна. Түүнээс 2016 оны долдугаар сард 13 орос ажилтан өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
- Төрийн мэдлийн 51 хувийг Худалдаа хөгжлийн банкны мэдэлд авчирсан гэх мэдээлэл ор үндэсгүй юм. Яг одоогийн байдлаар бидэнд Төрийн мэдлийг 51 хувийг шилжүүлсэн гэх мэдээлэл ирээгүй байна. Би бол 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс Төрийн өмчийн хорооны удирдах зөвлөлийн хурлаар 51 хувийн төлөөлөл болж гарч ирсэн. Өнөөдрийг хүртэл тус томилгооныхоо үргэлжлэл болон сууж байна. Тиймээс 51 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх мэдээлэл надад байхгүй байна.