Азийн хөгжлийн банк эдийн засгийн гол тайлангаа гаргасан байна. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн хувьд тохиргоо хийгдэх үе шат эхэлж байна гэж үзэж болох бөгөөд энэ нь төсвийн гадуурх зарцуулалтаас голлон шалтгаалах төсвийн хүндрэлийг бий болгосон хэт уян мөнгөний болон төсвийн бодлогын мөрөөр тохиож байна хэмээн АХБ-ны судалгаа үзсэн байна.
Тодруулбал, “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2016 оны сүүлчийн тодруулгад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 оны эхний хагаст 1.4 хувь болж саарсан хэдий ч 2016 оны эцсийн байдлаар жилийн өсөлт 0.3 хувь, 2017 онд 1.4 хувь буюу өмнө тооцоолсноос харьцангуй өндөр байх таамаглалыг дэвшүүлсэн байна. Төлөвт хамаарах хугацаанд эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл "Оюутолгой" төслийн 2-р үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон хатуу хахир өвлийн дараагаар сэргэх хандлагатай байна хэмээн үзжээ. Хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого болон мөнгөний нийлүүлэлтээс үүдэх инфляцын өсөлтийн эсрэг сөрөх нөлөөллийг үзүүлсэн бөгөөд инфляцын түвшин энэ жилийг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө хэмээн үзсэн байна.
“Монгол Улсын хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна” гэж АХБ-аас тус улсад суугаа Суурийн төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлсэн бөгөөд “уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна. Эрдэс түүхий эдийн арвин их баялгаа захиран зарцуулах нь Монгол Улсын хувьд чухал байсаар байх хэдий ч илүү олон зүйлсээс улс орны сайн сайхан хамаарах болно. Макроэдийн засгийн тогтвортой байдлыг хангаж уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгох явдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийн өсөлтийг эрчимжүүлэх зорилтын хажуугаар хөгжлийн хамгийн том сорилтуудын нэг байх болно” гэж онцлов.
Бараа бүтээгдэхүүний экспорт оны эхний 7 сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар буурсан бол импорт 17 хувиар буурч худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцлийг бүрдүүлсэн нь төлбөрийн тэнцэлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн гэдгийг тайланд мөн дурдсан байна. Гэсэн ч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон, 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байгаа зэрэг нь төлбөрийн тэнцэлд томоохон дарамтыг учруулж байгаа бөгөөд ирэх хугацаанд урсгал дансны алдагдал өргөсөж гадаад өр төлөгдөх хэрээр энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.