Худалдаа хөгжлийн банкныхан Төрийн банкийг нэгтгэж авах нь гэсэн “бор шувуу” нисэв. Хэн, хаанаас энэ “шувуу”-г нисгээд буй нь тодорхойгүй, бодит мэдээлэл ч алга. Гэвч Монголын хамгийн том банкныхан Төрийн банкийг өөртөө нэгтгэчих нууцхан зорилго тээж явааг үгүйсгэх аргагүй.
Худалдаа хөгжлийн банк бол байгууллагын банк. Цөөн үйлчлүүлэгчид томоохон зээл олгодог. Харин Төрийн банк орон даяар салбар, тооцооны төвүүдтэй иргэдэд тулгуурлаж, үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв тэд Төрийн банкийг худалдаад авчихвал орон даяар үйл ажиллагаагаа тэлж, олон харилцагчтай болон, улам хүчирхэгжих юм.
“Төр банктай байх хэрэггүй. Төрийн банкийг хувьчлах шаардлагатай” гэсэн байр суурь олон нийтийн дунд давамгайлдаг. Харин эрх баригчид хувьчилна гэж ам гардаг ч хэрэгжүүлдэггүй. Өмнөх жилүүдийн төсөвт Төрийн банкийг хувьчилж, 100 тэрбум төгрөгийн орлого олно гэж тусгаж ирсэн. Гэсэн ч хувьчлах ямар ч оролдлого хийсэнгүй.
Энэ бол Сангийн сайд нар төсвийн алдагдлыг бага харагдуулахын тулд ашигладаг заль байв. Лавтай Төрийн банкийг хувьчилна гэж төсөвт гурван жил дараалан тусгаж, олон нийтийг хуураад байна. Монголбанкныхан энэ банкийг яаралтай хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурь баримталдаг. Тэднийх Төрийн банкийг хувьчлах шаардлагатай гэсэн саналаа Засгийн газарт жил бүр илэрхийлдэг аж.
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав “Төрийн банкийг яаралтай хувьчилж, хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь хэвээр байгаа. Төр банктай байх нь зохисгүй” гэв.
Төрийн банкийг хувьчлах нь зөв. Гэхдээ шударга зарчмаар хандах учиртай. Хамгийн шударга хувьчлал бол ил тод, нээлттэй дуудлага худалдаа юм. Дуудлага худалдаанд ялагч болж чадвал Худалдаа хөгжлийн банк өөртөө нэгтгэнэ л биз. Хувийн хэвшилд шилжүүлж л байвал хэн ч Төрийн банкны эзэн болохыг дэмжих хэрэгтэй. Харин улс төрийн хүчний нөлөөг ашиглаж, авлига, хээл хахуулиар гартаа оруулахыг зөвтгөх учиргүй. Ялангуяа үнэгүйдүүлж хувьчлахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Төвбанкныхан тодорхой шалгуур тавьж, банкуудын “эрүүл мэнд”-ийг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, харилцагчдын эрх ашигт анхаардаг гэсэн үг. Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 50 тэрбум төгрөг байх ёстой. Тэгвэл Төрийн банкны өөрийн хөрөнгө өнгөрсөн оны эцэст 168 тэрбум төгрөгт хүрчээ.
Мөн банкууд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 25 хувийг Монголбанкинд байршуулж, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах шаардлагатай. Төрийн банк татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 38 хувийг Монголбанкинд байршуулж байгаа. Энэ нь банкны “эрүүл мэнд”-ийг тодорхойлдог гол шалгуураа маш сайн хангаж байгаагийн илрэл.
Дампуурлын ирмэгт ирсэн “Хадгаламж” банкийг 2013 онд Төрийн банктай нэгтгэснээр нийт хөрөнгө, цэвэр ашиг нь огцом нэмэгдсэн. 184 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан банк 2013 онд 941 тэрбум болж өссөн удаатай. Ашиг нь 2012 онд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байв.
Тэгвэл 2013 онд долоон тэрбум төгрөгт хүрсэн юм. Төрийн банкны үйл ажиллагааны оргил үе 2014 онд тохиожээ. Тухайн үед тэдний нийт хөрөнгө хоёр их наяд хүрч, 20 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Харин өнгөрсөн жил нийт хөрөнгө нь 300, ашиг нь зургаан тэрбум төгрөгөөр буурсан байна.
Гэхдээ л санхүүгийн зах зээлийн “аваргууд” 168 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилд 14 тэрбумын ашигтай ажилладаг банкийг худалдаж авахаас татгалзахгүй. Төрийн банкийг дор хаяж 200 тэрбум төгрөгөөр худалдах боломжтой юм. Энэ мөнгө нь санхүүжилтгүй байгаа цэцэрлэг, сургуулийн барилгуудыг дуусгахад хангалттай хүрэлцэнэ. Дуудлага худалдаагаар үнэд хүргээд зарчихвал орлого нь буураад буй төсөвт багагүй нэмэр болно.
Хувьчлахдаа дотоодын хөрөнгө оруулагчдад давуу тал олгох нь зүйтэй. Дотоодын хөрөнгө оруулагчид эзэн суувал ашиг нь Монголд үлдэнэ. Нэмүү өртөг бүтээнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид ашгаа гадагш нь шилжүүлээд аваад явчихна. Товчхондоо хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэсэн үг.
“Монгол газар” компани зэрэг томоохон харилцагч нь зээлээ төлж чадахаа больсны улмаас “Зоос” банк 2009 оны өвөл дампуурлаа зарласан. Энэ үед харилцагчдыг хохироохгүйн тулд сайн активыг нь ялгаж авч, Төрийн банкийг байгуулсан түүхтэй. Санхүүгийн салбар нь хямарч, банкууд дампуурах тохиолдолд гүүр банк байгуулан тодорхой хугацаанд ашиглаад, тогтворжингуут нь хувьчилдаг жишиг бий.
Төрийн банкийг ийм жишгийн дагуу байгуулсан. Ингэснээр “Зоос” болон “Хадгаламж” банкны харилцагчид хохироогүй. Өдгөө санхүүгийн зах зээл тогтворжсон, банкуудад тавих шалгуур, хяналт шалгалтыг өндөрсгөсөн. Тэгэхээр банк дампуурах магадлал тун бага юм. Иймээс Төрийн банкийг гүүр банкны үүргээ гүйцэтгэчихсэн гэж үзэх үндэстэй.
“Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах, эрүүлжүүлэхэд Төрийн банкийг ашигладаг бол сайн хэрэг. Гэтэл эрх баригчид улс төрийн ашиг хонжооны төлөө Төрийн банкийг зүй бусаар ашигладаг учраас хувьчлах нь зөв” гэж ярилаа. МАН-ынхан 2012 оны сонгуулийн өмнө бусад нь татгалзаж байхад Төрийн банкинд алдагдал үүрүүлэн орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл олгуулж байсан удаатай.
Мөн АН-ынхан малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргаж, Төрийн банкинд үүнийгээ тулган хэрэгжүүлсэн. МАН-ынхан засгийн эрхийг гартаа авснаар тус банкны удирдлагуудыг гишүүд, дэмжигчдээрээ солиод байна. Төрийн банкийг ашиглан улс төрийн ашиг хонжоо хайсан, зүй бус хөтөлбөрүүд хэрэгжүүлэх магадлалтай юм. Иймээс Төрийн банкийг яаралтай хувьчлахыг шаардъя.