МУИС нь энэ хичээлийн жилд 74 дэх хичээлийн жилтэйгээ золгож буй бөгөөд 2016-2024 он хүртэл хөгжүүлэх шинэчилсэн стратеги төлөвлөгөө танилцуулаад байгаа билээ. Стратеги төлөвлөгөөний хүрээнд “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” зорилгод нийцсэн шилдэг суралцагч элсүүлэх элсэлтийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд шинэ элсэлтээ авч шилдэг суралцагч нараар хүрээгээ тэлсэн байна.
“МУИС-ийн 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”–ыг баримтлан тус сургуульд суралцахыг хүссэн элсэгчдэд зориулан сургалтын онлайн СиСи системээр элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагааг орон даяар 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Элсэн орж буй оюутнууд ерөнхий суурийн зарим хичээлийг англи хэлээр сонгон судлах, ШУС болон ХШУИС-д элсэгчид байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтат хөтөлбөр (honors program)-т хамрагдах боломжтой болсон бөгөөд ШУС болон ХШУИС-ийн шинэ элсэгчид хоёр сургуулийн аль ч хөтөлбөрөөс мэргэжил сонгохоор болсон нь энэ удаагийн элсэлтийн хүрээнд зохион байгуулсан онцлох ажил байлаа.
Монгол улсад Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудаас тус сургуульд элсэгчид А болон AS түвшинд судалсан хичээлээ МУИС-ийн ерөнхий суурийн хичээлтэй багц цаг дүйцүүлэх нөхцөл бүрдсэнийг мөн онцолж байна.
Дашрамд дурьдахад МУИС 2014 онд 3,961, 2015 онд 2,573, 2016 онд 3,622 оюутан элсүүлсэн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 2014 онд 621, 2015 онд 619, энэ хичээлийн жилд 663 болж өссөн үзүүлэлттэй гарсан байна.