БНХАУ, эсвэл ОУВС-гаас тусламж авахаар төлөвлөж буй Монгол Улсын бондын өгөөж өсөж байна хэмээн “Reuters” мэдээлжээ. Таваарын үнэ хямдрахад өрийн хэмжээ нь ихээхэн нэмэгдсэн орны бодит жишээ нь Монгол Улс болж магадгүй. 12 тэрбум ам.долларын эдийн засагтай Монголын нийт гадаад өр 20 гаруй тэрбум “ногоон”-той тэнцсэн.
Засгийн газар нь өрийнхөө хэмжээг энэ онд ДНБ-ий 78 хувьтай тэнцэнэ гэж таамаглаж байгаа хэмээн дээрх агентлагийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Монгол шиг өндөр эрсдэлтэй, B зэрэглэлд багтдаг бусад орны өрийн хувь нь дунджаар 50 байдгийг олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг дурдсан байна. Монгол Улсын Хөгжлийн банк өчигдөр бонд эзэмшигчдэд 16.7 сая ам.долларын хүүгийн төлбөр хийх хуваарьтай байсан юм.
Энэ талаар тус банкнаас тодруулах гэсэн ч чадсангүй. Манай улс 2017 оны гурав, 2018 оны нэгдүгээр сард багагүй хэмжээний бондын төлбөр хийх юм. “Macro-Advisory” компанийн ахлах ажилтан Крис Уифер “Монгол Улс өрийн бүтцээ өөрчлөх, эсвэл зээл авах хэрэгтэй” гэсэн байна.
Мөн “NN Investment Partners”-ын сангийн менежер, манай улсын гаргасан бондоос эзэмшигч Марко Руйжер “Хятад улс своп хэлцлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй байгаа” хэмээн ярьжээ. Тэгвэл зарим шинжээч урд хөрш, ОУВС-гаас мөнгө авсан ч урт хугацааны асуудлыг шийдэж чадахгүй гэж тэмдэглэсэн байна.