Засгийн газраас “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аянг жил бүрийн есдүгээр сард холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлж хэвшсэн. Энэ ажлын хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, ЗГХА Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран өчигдөр буюу мягмар гаригт “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгийг Бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Өдөрлөгт Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд сайд А.Цогцэцэг, Монголын их дээд сургуулиудын консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ-ын төлөөлөгч нар оролцож, мэдээлэл хийлээ.
Монголын нийт хүн амын 8 хувийг бүрдүүлэгч оюутнуудын эрүүл мэнд яагаад чухал вэ, өнөөдөр ямар түвшинд байна. Цаашид юуг илүү анхаарах хэрэгтэй вэ гэдэгт эрүүл мэндийн болон холбогдох байгууллагууд хариулт өгч, оюутан залуусын эерэг хандлагаар, эрүүл ирээдүй бий болгоход чиглэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэсэн арга хэмжээ болсон юм.
Мөн Эрүүл мэнд-Эрхэм баян”, “Өглөөний цайг ууж хэвшье”, “Эрүүл идэвхитэй дасгал”, “Гэр бүл төлөвлөлт”, “Өсвөр үе, залууст ээлтэй клиник”, “БЗДХ, сүрьеэ, сэтгэл гутрал, зам тээврийн ослоос сэргийлье” лекц, шинэ залуу үеийн урлагийн тоглолт, оюутны идэвхитэй хөдөлгөөнд уриалсан хөгжөөнт тэмцээн зэргийг 2500 гаруй оюутан залуусын халуун дулаан уур амьсгал дунд зохион явууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:
“Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөгт ирсэн оюутнуудаас нийгмийн даатгал гэж юу вэ, жилдээ хэдэн төгрөг төлөх вэ хэмээн асуухад хоёр минутын хугацаанд нэг л оюутан бүрэн бус хариулт өгч байна. Энэ нь Засгийн газраас оюутан залуус руу чиглэсэн бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас төрийн үйлчилгээг хүртээмжтэй бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ оюутан залуусыг танин мэдүүлэх зорилгоор зөв цагтаа боллоо гэдэгт итгэлтэй байна. Оюутан залуусын эрүүл мэндээс гадна ажлын байр, орон сууц, тогтвортой орлого гэх мэт тулгамдаж буй нийгмийн олон асуудал байна. Энэ бүхнийг шийдвэрлэх зорилготой “Орлоготой оюутан” хөтөлбөр, сургуулиа төгсөөд ажлын байртайгаа уялддаг болох зэрэг оюутан залуусаа төрийн зүгээс дэмжих бодлогыг засгийн газраас боловсруулсан. Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа янз бүрийн асуудалтай 27 мянга гаруй залуу байна. Асуудлыг зөвхөн даргын ширээний араас биш амьдрал дээр ямар байна гэдэгт өөрсдийнх нь дуу хоолойг сонсож шийддэг болсон.
ЗГХА, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:
Өнөөдрийн өдөрлөгийн гол зорилго нь “Эрүүл биед саруул ухаан” гэсэн үндсэн ойлголтыг залууст хүргэх, цаашлаад эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудалд оюутнуудаа уриалах юм л даа. Засгийн газрын “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоох тухай” 13 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь буюу сарын 1920 төгрөг, жилд 23.040 төгрөгөөр тооцож төлнө. Та нэг лааз шар айраг авах мөнгөөр эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Ингэж эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар жилдээ хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Энэ нь оюутнуудынхаа эрүүл мэндэд тустай төдийгүй нийгмийн даатгалын санд ч нэмэртэй сайн үйл. Өнөөдөр дөрвөн хүн тутмын нэг нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж байна. Мөн 15-24 насны эрэгтэй 25 хувь, эмэгтэй 14 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс гадна оюутнуудын дунд эрсдэлт өвчлөл өндөр үзүүлэлттэй байгаа зэрэг нь зайлшгүй анхаарах шаардлагатай. Оюутан залуус гэдэг бол нийгмийн гол түүчээ, оюуны зүтгэх хүч. Энэ утгаараа эерэг хандлага гаргаж чадвал ирээдүйд эрүүл чадварлаг боловсон хүчин, гэр бүл бий болох нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б. Цогтбаатар:
2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь 15-24 насныхан, үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доош насны 5.1 хувийг, 20-34 насных 70 хувийг эзэлж байна. Мөн оюутан залуусын дунд хоол боловсруулах замын эмгэгүүд, сүрьеэ, улирлын чанартай амьсгалын замын өвчлөл түгээмэл тохиолддог. Энэ асуудлууд бүгд эрсдэлт хүчин зүйлүүдтэй л холбоотой. Монгол улсад эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Оюутнууд өглөө хоосон гардаг, өдөр түргэн хоолны газраар хооллодог. Үүнээс үүдэж ходоодны үрэвсэл, шархлаатай болж байна. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор өдөртөө тухайн оюутан 2400-2600 калори энергийг хоолноосоо авахад боломжийн гэж үздэг. Энэ түвшинд барьвал эрүүл, зөв хооллолт болно.
"Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Г.Алтаншагай:
Залуучууддаа хандаад спиртлэг биш спортлог, тамхичин биш тамирчин байцгаая гэж уриалмаар байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар өглөөний унд хүнд 25 хувийн эрч хүч өгдөг. Харин таргалалттай хүмүүсийн 75 хувь нь өглөөний цайгаа уудаггүй гэсэн тооцоо гаргасан байна. Тиймээс өглөөний ундаа заавал ууж хэвшицгээе гэж хэлмээр байна.