Өвөрхангай аймгийн Бүрд сумаас хижээл насны нэгэн эр Улаанбаатарт шуудангийн унаагаар иржээ. Түүнийг Дагвадорж гэдэг бөгөөд нийслэлд амьдардаг хүүхдүүдээ эргэж буй нь энэ. Дагвадоржийн дөрвөн хүүхдийн хоёр нь хотод амьдардаг юм. Том охин Цэцгээ нь нэгэн компанид үйлчлэгч хийдэг байсан ч саяхан орон тооны цомхтголд орж ажилгүй болсон байна. Тэднийх өмнө нь Баянхошууны эцэст, нэг жижиг уулын бараг орой дээр нь барьсан умгар бор гэрт амьдардаг байсан. Харин жилийн өмнө нөхөртэйгөө хамтран хашаа байшингийн зээл авсан юм.
Цэцгээ “Уулын мухарт амьдарч байсан бидэнд энд бараг хотын төв шиг санагддаг. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, ажилдаа явахад амар байдаг юм. Одоо хурдхан ажил хийхгүй бол орон гэрээ хураалгахдаа тулж байна” хэмээн ярив. Дагвадорж гуайн удаах хүү Сугар нь Өмнөговь аймагт Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг ажилтай. Цагийн сайханд цалин сайтай байсан бол одоо хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж хэдэн өдөр, сараар эзнээ царайчлах нь элбэг болсон. Тэрбээр өрх тусгаарлаж, аймгийнхаа төвд тохитой сайхан хашаа байшинтай болсон ч зээлээ хугацаанд нь төлөх гэж тэвдэж л яваа гэнэ.
Дагвадорж хэдэн хүүхдээ эргэнгээ, хоолыг нь дөхүүлж яваа юм. Эдийн засгийн хүндрэл эд эс нь болсон иргэдийн амьдралд ингэж л нөлөөлж байна. Манай Төвбанк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 4.5 нэгжээр өсгөж, 15 хувьд хүргэлээ. Зарим Төвбанк манайх шиг бодлогын хүүгээ огцом хөдөлгөх зоримог алхам хийх тохиолдол бий. Ялангуяа мөчлөг сөрсөн бодлогын үед ийм шийдвэр гаргадаг. Харин манайх шиг мөчлөг дагаж байгаа үед энэ нь хэр зөв юм бол. Олон эдийн засагч үүнийг нь сульдаж байгаа эдийн засгаа цохиж унагасантай адил зүйл хэмээн үзэж байна.
Бодлогын хүү 15 хувьд хүрсэн тул арилжааны банкууд зээлээ танаж эхэлж байгаа. Ингэснээр аль хэдийнэ цус багадах эмгэг илрээд байсан эдийн засаг маань улам эмзэг, өвчинд өртөмтгий болох юм. 2009 оны хямралын үед ажилгүйдлийг бууруулахын тулд АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ доошлуулсан. Одоо эдийн засаг нь тогтворжиж, ажилгүйдэл толгой өвтгөхөө больсон ч бодлогын хүүгээ болгоомжтой, тун бага хувиар нэмж байна. Гэтэл манайд ажилгүйдэл нэмэгдэж байхад бодлогын хүүг өсгөлөө.
ЗӨВ ОРЦООР ОРОХ НЬ ЧУХАЛ УУ, ОРЦООР ЗӨВ ОРОХ НЬ УУ
Өнгөрсөн сард Төвбанкнаас зохион байгуулсан нэгэн хурлын үеэр валютын ханшийг тогтворжуулах нь гол уу, эдийн засгийн өсөлтийг хангах нь чухал юм уу гэдгийг зарим шинжээч лавлаж байв. Үнэхээр эдийн засгийн бодлогын гол бай нь юу байдаг вэ. Дэлхийн улс орнуудын Төвбанкууд юунд ач холбогдол өгдөг вэ.
Евро бүсийн Төвбанкны системийн мөнгөний бодлогын гол зорилт нь ажил эрхлэлт байдаг гэнэ. Үүнд “Үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд Евро бүсийн Төвбанкны систем нь тэнцвэртэй өсөлт, бүрэн ажил эрхлэлтийг дэмжин ажиллана” хэмээн тодорхойлжээ. Мөн АНУ-ын Төвбанкны тухай хуульд ч “Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын зорилт нь нэгдүгээрт, ажил эрхлэлтийг хамгийн өндөр байлгах, хоёрт, үнийг тогтвортой байлгах, гуравдугаарт урт хугацааны хүүг нам түвшинд барих” хэмээн тусгасан байдаг аж.
Учир нь тухайн эдийн засгийн тусгал нь айл өрх, иргэдийнх нь амьжиргаа байдагтай холбоотой юм. Иргэн баян бол улс баян гэдэг шиг иргэдээ ажилтай, орлоготой байлгах нь төсөв болон мөнгөний бодлогын хамгийн чухал зорилт аж. Дэлхийн макро эдийн засгийн номер нэг “Journal of Monetary economics” сэтгүүлд бие даасан бүтээлээ хэвлүүлсэн эдийн засагч Д.Лхагвасүрэн “Ажил” номондоо “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн орлогыг тэлэх нь эдийн засгийн өсөлтийг өрхүүддээ шууд хүргэх маш энгийн, үр өгөөжтэй арга зам юм.
Тиймээс, бид эдийн засгийн бодлогын үр өгөөжийг дийлэнх өрхүүдийн амьдралыг хэрхэн сайжруулснаар нь хэмжиж сурах хэрэгтэй” хэмээн онцолжээ. Манай улс 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан. Эдийн засаг нь томорсон ч иргэдийнх нь цалин, өрхүүдийн орлого энэ түвшинд хүрч нэмэгдээгүй. Доктор Д.Лхагвасүрэн “Ажил эрхлэлтийн түвшин өндөр байх тусам маш олон өрх орлоготой болж, тэр хэрээр иргэдийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, чанарт нөлөөлж, улмаар эдийн засгийг өсгөнө.
Мөн ажил эрхлэлтийг дэмжих нь эдийн засгийн нэг салбарт гарсан өгөөжийг бусдад нь хүртээх боломж олгодог” гэжээ. Тэгвэл эдийн засагч М.Чимэддорж “Ажилгүйдлийн түвшин өсөх нь маш сөрөг нөлөөтэй. Манай ажлын байрны бараг 70 хувь нь иргэдийн хэрэглээн дээр тогтдог гэсэн тооцоо байдаг. Иргэд ажилгүй болчихвол хэрэглээ нь өсөхгүй. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө” гэв. Дэлхийн Төвбанкууд, шилдэг эдийн засагчид ажил эрхлэлтийг дэмжихэд фокусаа тааруулдаг юм байна.
Тэгвэл манай Төвбанкны тухай хуульд “Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж зорилтоо тодорхойлсон байдаг. Тиймээс валютын ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд бодлогын ийм сонголт хийсэн гэж тайлбарлаж буй юм. Гэтэл зарим эдийн засагч төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь валютын ханш бус нам инфляц хэмээн тайлбарладаг. Үүнээс гадна ханш тогтворжуулахын тулд бодлогын хүүг өсгөхөөс илүү валютын нөөцөө нэмэгдүүлэх буюу гадаадын хөрөнгө оруулалт, экспортоо чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэдэг.
Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ өмнөх сараасаа 60 орчим тэрбум төгрөгөөр хумигдсан дүнтэй байна. Мөн энэ нь цаашид тасралтгүй буурах хандлагатай байгаа юм. Хямрал гэдэг нь хамгийн энгийнээр иргэн, аж ахуйн нэгжүүд мөнгөний хомсдолд орохыг л хэлнэ. Төвбанкны ханшийг онилж, эдийн засгаас мөнгө татах бодлогын золиос нь хувийн хэвшлийнхэн болж, олон хүн ажилгүй хоцроход хүрч байна. Энэ онд ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд хүрсэн нь 2009 оны хямралаас хойших анхны тохиолдол юм.
Тухайлбал, энэ оны эхний хагаст уг үзүүлэлт 10.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс бараг гурван функтээр өсчээ. “Төвбанкны бодлого энэ хэвээр үргэлжилбэл ирэх жил гэхэд ажилгүйдлийн түвшин одоогийнхоос хоёр дахин өсөхөөр байна” хэмээн нэгэн эдийн засагч хэлсэн юм. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас иргэдэд олгосон ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ өнгөрсөн онд гурван тэрбум төгрөгт хүрч, 2012 оныхоос 10 дахин өссөнийг анхаарахгүй байж болохгүй.
Төвбанк бодлогын хүүгээр дамжуулан зах зээл дэх мөнгөний хэмжээг зохицуулж байдаг. Эдийн засаг дахь цусны эргэлт удааширчихсан байхад сэлбэхийн оронд “ханаж” байгаа учир аж ахуйн нэгжүүд мөнгөөр дутагдаж буй. Манай дотоодын олон компани өнгөрсөн хугацаанд бүсээ чангалан, хэрэгцээгүй зардлаа танаж, ажилчдынхаа цалинг бууруулах, зарим зээлийн төлбөрөө хойшлуулах зэргээр байж болох бүхий л арга хэмжээг авч байна. Зарим шинжээчийн тооцлсноор хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны бараг 10 орчим хувь нь тун эмзэг болсон гэнэ.
Үүнээс гадна Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг саяхан татвараа төлж чадахгүй байгаа 4000 гаруй аж ахуйн нэгжийн дансыг хаасныг нээж байсан талаар мэдээлсэн нь компаниудын байдал хэрхэн хүндэрч байгааг харуулж буй юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр банк бус санхүүгийн байгууллагын тоо сүүлийн үед тогтмол өсөж буй юм. Банк бус санхүүгийн байгууллага нь арилжааны банкуудаас хоёр дахин их буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй зээл олгодог. Ийм өндөр хүүтэй мөнгөний эрэлт өсөж байгаагаас зах зээлд мөнгөний хомсдол үүссэнийг харж болно.
Мөн манай эдийн засаг өнгөрсөн сард анх удаа дефляцтай нүүр туллаа. Эдийн засгийн өсөлт дөнгөж нэг хувийг зааж байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага оны эцэст эдийн засаг бараг өсөлтгүй байна хэмээн таамаглаж байгаа. Ийм үед эдийн засагт ус агаар мэт хэрэгтэй зүйл нь мөнгө. Бодлогоо зөөлрүүлж, төгрөг нийлүүлж байж, аж ахуйн нэгжүүд ажилчдаа авч үлдэнэ, мөн эдийн засаг өснө, дефляцаас ангижирна.
Энэ мэт эдийн засгийн нөхцөл байдал мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байхад Төвбанк яагаад эрс хатуу бодлого руу шилжив. СЭЗИС-ийн багш, доктор Ж.Дэлгэрсайхан “Төвбанкны мөнгөний бодлого эдийн засгийн хөгжүүлэх гэхээс илүү эрсдэлээс хамгаалахад чиглэж байгаа юм. Ингэснээр мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгийг тэлэх боломжгүй.
Гэхдээ үүний буруутан нь Төвбанк гэхээс илүү Засгийн газрын үйл ажиллагаа сул байсантай холбоотой” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зардал өсөж, төсвийн алдагдал нэмэгдсэн, өр таазаа давсан зэргээс болж Төвбанкинд бодлогын сонголт хийх боломж хумигдаж байна.
Засгийн газар аман дээрээ төсвийн зардлыг танана гэдэг ч ачир дээрээ “Эдийн засаг яаж ч хямарсан зардлаа бууруулахгүй” гэсэнтэй адил үйлдэл хийж байгаа нь хүндрэлийн гол шалтгаан. Ингэснээр Төвбанк Засгийн газрын бодлогод хөтлөгдөхөөс аргагүй болж буй аж. Энэ нь мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэхийг Төвбанкны өмнөөс Засгийн газар л шийдэж, жолоог нь залж байна гэж хэлж болох юм.
Доктор Ж.Дэлгэрсайхан “Төвбанк улс төрийн нөлөөнөөс ангид, Засгийн газрын үйл ажиллагаатай хэт хутгалдан оролцдоггүй, бие даасан бодлого хэрэгжүүлэх ёстой. Ингэж чадвал эдийн засгийн хөгжлийг тэтгэж чадна” хэмээн ярьсан юм. Гэтэл Төвбанк Засгийн газартай хамтран олон их наяд төгрөгийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж, нэг хөнжилд орж буй нь илт. Мөн Төвбанкны ерөнхийлөгчийн томилгоонд улс төрийн нөлөө орж байгаа цагт хараат бус ажиллах боломжгүй хэмээн зарим эдийн засагчид үздэг.
Төвбанкны тухай хуульд ч “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар то милно” хэмээн заасан байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд эрх баригч улс төрийн хүчин солигдох бүрт ерөнхийлөгч нь өөрчлөгдөж буй нь улс төрийн нөлөөтэй гэж дүгнэхэд хүргэж буй юм.