Өнөөдөр УИХ, ЗГ-ын агентлаг, төрийн болон хувийн секторыг төлөөлсөн зуу гаруй монголчууд нэг дор цуглаж байна. Тэднийг нэгтгэж байгаа зүйл нь тэд бол Австралид сурсан монголчууд юм.
1993 оноос хойш Австралийн ЗГ-ын тэтгэлгээр нийт 400 гаруй монгол хүн Австрали улсад суралцжээ. Мөн жил бүр мянга гаруй монгол хүн тус улсад хувиараа сурч байна. Англи хэлтэй улсуудаас Монголчууд АНУ-ын дараа Австрали улсад дээд боловсрол эзэмших сонирхолтой байдаг. Тиймээс тав дахь жилдээ зохиогдож буй “Хил хязгааргүй Австрали” боловсролын үзэсгэлэн яармагийг тохиолдуулан, МУ дахь Австрали улсын Элчин сайдын яам Австралид ЗГ-ын тэтгэлгээр сурсан төдийгүй хувиараа болон бусад тэтгэлгээр боловсролоо санхүүжүүлсэн Монголчуудад “Австралийн дэлхийн төгсөгчдийн холбоо”-нд нэгдэн орох үүд хаалгыг нээж байна.
УИХ-ын гишүүн, Монгол Австралийн Нийгэмлэг (Mozzies Association) -ийн Ерөнхийлөгч Н.Энхболд “Энэ холбоонд элссэнээр хамгийн түрүүнд Монголчууд Австралид төгсөгчдийн дэлхийн сүлжээнд нэгдэж, насан туршдаа суралцах боломжтой болно” гэсэн бол Австралид төгсөгч Н.Золжаргал “Австралийн дэлхийн төгсөгчдийн холбоонд нэгдсэнээр би Австралийн Үндэсний их сургуульд баялгийн эдийн засаг сурч байсан ангийнхаа хүүхдүүдтэй холбогдож, тэд Чилид, эсвэл Нигерт тухайн чиглэлээрээ юу хийж, төр засгийн түвшинд ямар бодлого хэрэгжүүлж байгаа зэргээр туршлага солилцох боломжтой” гэсэн юм.
Австрали улсын хувьд боловсрол бол уул уурхайн дараа орох хоёр дахь том экспортын салбар юм. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 тэрбум нь боловсролын салбараас орж ирдэг байна. Сүүлийн 60 жилд нийт 2.5 сая гадаад оюутан Австралид сурчээ.
Мөн есдүгээр сарын 17-нд Шангри Ла зочид буудалд зохиогдох “Хил хязгааргүй Австрали” болосвролын үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хэн боловч Австралийн дэлхийн төгсөгчдийн холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.