Сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч эдийн засгийн боломжгүй байгаа оюутныг дэмжих зорилгоор Японы Мабучи олон улсын тэтгэлгийн сангаас монгол оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн билээ. Урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй зээлийг олгон сонгон шалгаруулалт эхлэх гэж байна.
Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн төгсөгчдийн холбоо санаачлан Мабучи сантай хамтран уг тэтгэлгийг өнгөрсөн жилээс эхлэн олгож эхэлсэн юм.
Сонгон шалгаруулалтад оролцох оюутнуудын материалыг энэ сарын сарын 5 -ний өдрөөс 9 сарын 17-ний өдөр хүртэл "Шинэ монгол" технологийн дээд сургуулийн байрны 808 тоот хаягаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцох оюутнууд доорх шаардлагыг хангасан байх ёстой.
- Монгол улсын дотоодын их, дээд сургуулийн 1.3-р ангид элсэн суралцаж буй сурах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй боловч эдийн засгийн хувьд сургалтын төлбөр төлөх боломж муутай байх.
- Тэтгэлгийн эргэн төлөлтийг оюутан өөрөө буцааж төлөх бүрэн итгэл үнэмшилтэй байх, хэрвээ эргэн төлөлт хугацаанаасаа хэтрэх, төлөөгүй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч бүрэн хариуцах.
- Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80% ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хэмжээст оноо нь тухайн жилийн улсын дундажаас тус бүр 100 оноо илүү байх.
- 3-р ангийн оюутнууд эхний хоёр жилинй дүнгийн голч оноо 3.2 ба түүнээс дээш байх.
НӨХЦӨЛ
Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 1500 ам доллар байна. Тэтгэлгийг 2 хувааж олгоно.
Хамрагдах оюутны тоо: 1-р ангийн 15 оюутан
3-р ангийн 15 оюутан
Тэтгэлэг олгох хугацаа: Тэтгэлгийг 2 эсвэл 4 хүртэл жилийн хугацаанд олгоно. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан тэтгэлэг олгох анги өөр өөр байж болно. Тухайлбал МУИС, ХЗС- ийн 5 жил АШУҮИС -ийн 6 жилээр суралцах оюутны хувьд 2-р анги байж болно.
Эргэн төлөлт: Тэтгэлэгт оюутан нь төгссөнөөс хойш жил бүр 1,500 ам.доллар эргэн төлөх үүрэгтэй бөгөөд урьдчилан төлж болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Тэтгэлэг хүссэн өргөдөл, анкет (хавсралт маягтын дагуу)
- Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн эссэ. Эссэг А4 2 хуудсанд багтаах бөгөөд word дээр шивсэн байна.
- Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар, батлан даагч нь өндөр насны тэтгэвэр авдаг бол тэтгэврийн дэвтрийн хуулбар.
- 1-р ангийн оюутан Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбар
- 3-р ангийн оюутан сурч буй сургуулийн болон 1.2-р ангийн дүнгийн тодорхойлолт