Монголд хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулга уулзалт “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд өчигдөр эхэллээ. Монгол руу “зүглэх” нь зөв үү, аль салбарт хөрөнгө оруулах вэ, нэгэнт оруулсан хөрөнгөө хэрхэн хамгаалах вэ, Засгийн газар ирэх дөрвөн жилд тогтвортой байх уу, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэх мэт асуултад хариулт хайсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон эдийн засаг, бизнесийн салбарынхан энд чууллаа.
Харамсалтай нь, манай улсыг шинээр сонирхож байгаа хөрөнгө оруулагч уг чуулганд тун цөөн иржээ. Мөн олон улсын үнэлгээний Moody’s агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг B3 болгон бууруулсан, Засгийн газар, Монголбанкны мэдэгдэл гадаад орчинд сөрөг мессэж болсон зэрэг эерэг бус хүлээлт дор энэ удаагийн “Инвест Монголиа” болж байна.
Эхний өдөр Монголын санхүү, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг даваад байгаа. Энэ нь өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болж буй юм.
Харин хуралдаанд оролцсон банкирууд үүнийг сэрэмжлэх түвшинд хүрээгүй гэж байв. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал О.Орхон “Чанаргүй зээлийн хэмжээ цаашид төдийлөн өсөхгүй болов уу. Учир нь одоо доод цэгтээ хүрсэн гэж бодож байна” гэлээ. Мөн “Хасбанк”-ны гүйцэтгэх захирал М.Болд “Арилжааны банкууд чанаргүй зээлээ хаахад анхаарч ажиллаж байгаа. Муу зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг давсан ч 2009 оны хямралын үетэй харьцуулбал бага үзүүлэлт юм” гэлээ.
Монголбанк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр огцом өсгөсөн нь эдийн засаг, бизнест хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Энэ талаар Голомт банкны ерөнхий захирал Ө.Ганзориг “Төвбанкны бодлогын хүү буурах хандлагатай байсан. Мөн инфляцтай уялдан зээлийн хүү буурах боломжтой байлаа. Гэтэл Төвбанк бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ нь зах зээлийг хумих сөрөг нөлөөтэй” хэмээн ярилаа. Энэ мэтчилэн эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах арга замын талаар оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны ерөнхий захирал О.Орхоноос цөөн асуултад хариулт авлаа.
-Ам.долларын ханш ирэх оноос суларна гэж та хэллээ. Ямар үндэслэлээр ийм дүгнэлтэд хүрсэн бэ?
-Бизнесийн улирлын эхлэл болон төгсгөлд ам.долларын эрэлт огцом өсдөг жишиг сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд тогтсон. Энэ нь Сангийн сайд, Төвбанкны ерөнхийлөгч нарын мэдэгдэлтэй давхацсан учир зах зээлд бага зэргийн шок үүссэн гэж харж байна.
Түүнээс биш эрэлт, нийлүүлэлтийн огцом өөрчлөлт гарсан зүйл ажиглагдаагүй. Одоо бол ханш тогтвортой байна. Энэ оны эцэс гэхэд “Оюутолгой” болон бусад төслийн хөрөнгө оруулалт орох магадлалтай байгаа учир бизнесийн дараагийн улирал эхлэх хүртэл ханш огцом өсөхөөргүй байгаа.
Тиймээс ирэх цагаан сарын үед ам.доллар 2100 төгрөг орчимд хэлбэлзэх болов уу.
-Валютын эрэлт үүсээгүй байхад ханш огцом өссөн нь юутай холбоотой вэ?
-Зах зээл хангалттай том, олон оролцогчтой байсан бол савлагаа бага байх байсан. Одоо бол зах зээлд цөөн оролцогч байна. Экспорт, импорт хийж, валютын орлого олдог, гадаадаас хөрөнгө оруулалт татаж буй компани цөөн байгаа юм. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд бизнесийн хүрээгээ тэлэх ёстой. Энэ нь ханшийн огцом хөдөлгөөнөөс сэргийлнэ. Мөн Засгийн газрын бодлого тогтвортой байвал аж ахуйн нэгжүүд бизнесээ дунд хугацаанд төлөвлөх боломжтой болно.
-Орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоо буюу ипотекийн зээлийн хөтөлбөр урт хугацаанд хэрэгжих боломж хэр байна вэ?
-Энэ хөтөлбөр үргэлжлэхээс өөр аргагүй. Ипотекийн зээлээр маш олон гэр бүл орон сууцтай боллоо. Тиймээс эдийн засгийн байдлаас хамааран зээлийн нөхцөлийг өөрчилж болно. Харин зогсоож болохгүй. Нэг Засгийн газрын хэрэгжүүлсэн орон сууцны зээлийн хөтөлбөрийг дараагийнх нь гарч ирээд зогсоож болохгүй.
-Төвбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдон зээлийн хөтөлбөр ч хумигдах болов уу?
-Одоогоор арилжааны банкууд орон сууцны зээлээ хэвийн олгож байна. Засгийн газар энэ хөтөлбөрийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг нь удахгүй тодорхой болох байх. Мөн энэ хөтөлбөр Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа учраас Төвбанкны хатуу бодлого төдийлөн нөлөөлөхгүй болов уу?
-Танай банк ойрын үед олон улсын зах зээлээс хөрөнгө босгох төлөвлөгөө бий юү?
-Бид хөрөнгө босгох төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Харамсалтай нь гадны үнэлгээний байгууллагууд манай эдийн засгийг төдийлөн сайнаар үнэлэхгүй байна. Мөн Засгийн газар, Монголбанкны мэдэгдлүүдээс үүдэн хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орлоо. Гэхдээ бид энэ ажлаа үргэлжлүүлнэ.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад өмнө олгосон зээлийн эрсдэл хэр нэмэгдэж байна вэ?
-Зээлийн эрсдэл өснө. Гэхдээ арилжааны банкууд сан байгуулж чанаргүй ангилалд орсон зээлийн 60 гаруй хувийг нь хаасан. Түүнээс гадна барьцаатай зээл олгодог учраас эргэн төлөх ажил удаан ч гэсэн үргэлжилж байгаа.