Зуны турш нам гүм байсан сургууль, цэцэрлэгүүд өчигдөр “амь” орлоо. Их ялалтын төлөөх том “тулаан” эхэлж буй нь энэ юм. Жил бүр есдүгээр сарын 1-нд эх орон, эцэг эх нь том, жижиг “дайсны цэргүүдээ” албанд нь мордуулж, их эрдмийн завинд суулгадаг. Монголын аль ч сургууль, цэцэрлэг хамгийн их хөлтэй, шуугиантай, дуутай хууртай, басхүү нулимстай, навчтай цэцэгтэй байдаг үе нь чухамхүү энэ өдөр шүү дээ. Тиймдээ ч ийм дүр зургийг харсан БНСУ-ын багш нар “Монголд есдүгээр сарын 1-нийг баяр наадам шиг өргөн дэлгэр угтан, тэмдэглэдэг нь тун сонирхолтой, сайхан санагдлаа” хэмээсэн. Энэ өдрийн өнгийг тольдохоор ерөнхий боловсролын VI сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжиллаа.
Өглөө эртлэн аав, ээж, эмээ, өвөөтэйгөө хөтөлсөн багачууд өөрөөсөө том баглаа цэцэг барьсаар сургуулийн үүдэнд цуглацгаалаа. Багачуудын зарим нь нойрмоглон эвшээж, зарим нь дэггүйтэн гүйлдэнэ. Томчууд тэдэнд “Одоо ингэж гүйж харайж болохгүй. Та нар сурагч болсон” гэж “эрүүний шөл” уулгах аж. Ингэж байх зуурт дугуй унасан, гартаа гулгадаг хавтан барьсан, нарны шил, чихэвч зүүсэн, дүүгээ хөтөлсөн гээд л “шинэ” цагийн төлөөлөл болсон дунд, ахлах ангийнхан энэ оны анхны хичээлдээ ирцгээв.
2016-2017 оны хичээлийн жилийн нээлт товлосон 08.30 цагтаа эхлэв. Нээлтийн ёслолд оролцсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хөгжингүй орнуудын нууц нь ордог, гардаг бараа бүтээгдэхүүндээ биш, баялагтаа ч бус, харин боловсролын систем нь ялангуяа дунд сургууль нь зөв сайн тогтолцоотой, хөтөлбөртэй байсанд оршдог гэдгийг олон улсын судлаачид нотолсон. Тэгэхээр Монголын маань хөгжил яг эндээс, сургуулиас шийдэгдэх учраас хүүхдүүд та бүхэн сайн сурч, боловсроорой” гэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ардын багш, тус сургуулийн ахмад багш Л.Гантөмөрөөс хэдэн зүйл тодрууллаа.
-Та 49 жил багшлахдаа ихэвчлэн бага ангийнхантай “зууралдсан” туршлагатай хүн. Энэ хугацаанд үе үеийн хүүхдүүдийн зан чанар, төлөв байдал, сурах идэвх, чадамж зэрэг нь хэр өөрчлөгдөв. Таныг багш болсон үеийн болон одоогийн нэгдүгээр ангийнхны ялгаа юу байна вэ?
-Маш их ялгаатай болсон. Тухайн үед найман настайд нь сургуульд элсүүлдэг байсан. Төдий насныхан бүр төлөвшчихсөн, хэлсэн үгийг бүрэн ойлгодог. Зургаан настнууд маш сэргэлэн, их дүрсгүй, хөдөлгөөнтэй, амархан сэтгэсэн шигээ хурдан мартдаг, анхаарал нь ердөө 6-8 минут төвлөрдөг онцлогтой. Тэгээд зургаан нас гэдэг бол хүүхэд өөрийнхөөрөө байх дуртай үе нь. Сүүлийн үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ маш мундаг болсон шүү.
-Есдүгээр сарын 1 бол багш нарын хувьд баяраас өөрцгүй. Та одоо юу мэдэрч, юу бодож байна вэ?
-Олон жил багшилчихаар энэ өдрийг хүлээгээд бараг хэд хоногийн өмнөөс л догдолчихдог юм. Яг л хурдны морь шиг. Амьдралын минь 46 жил VI сургуультай холбоотой учраас энэ бол миний нэг дэх орон гэр болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн хүүхдээ хараад л сэтгэл нь амарч, баясдаг хүмүүс бол багш. Одоо миний сэтгэл баяр баяслаар дүүрэн байна.
Сурагчид тэр дундаа нэг болон төгсөх ангийнхны хувьд есдүгээр сарын 1 хамгийн гайхалтай, дурсамжтай, онцгой үе шүү дээ. Энэ өдрийн хамгийн үзүүштэй, өхөөрдөм, эгдүүтэй, сэтгэл хөдөлгөсөн дүр зураг чухамхүү тэднээс л гардаг. Сургуулийн босго алхаж буй зургаан настнуудын зарим нь уйлж, аав, ээжийнхээ хормойноос чаргууцалдаж, “хөгөө” чирсэн бол хэдхэн сарын дараа сурагчийн дүрэмт хувцсаа бүр мөсөн тайлж, амьдралын завинд суухаар бэлтгэж буй төгсөх ангийн “агаа, эгээ” нар багачуудыг шоолж өхөөрдөн, бас үеийнхнээ сонжсон шигээ догь зогсоно.
Тэдний төлөөлөл болсон Э.Мөнх-Оргил, Г.Намуундарь нарын сэтгэгдлийг хүргэе.
-Бүтэн зуны турш уулзаагүй ангийнхнаа харах нь энэ өдрийн хамгийн гоё мэдрэмж. Бүр гэгэлзчихдэг шүү дээ. Ангийнхны зарим нь өндөр болж, үс нь ургаад танигдахын аргагүй болчихож. Ийм өөрчлөлтүүдийг хардаг болохоор есдүгээр сарын 1 хамгийн гоё.
-Хамгийн сүүлчийн удаа дүрэмт хувцастайгаа хичээлийн шинэ жилийг ингээд угтаж байгаа учраас маш их догдолж байна. Сэтгэл их өндөр байна. Удахгүй дунд сургуулиа төгсөнө гэхээр гоё ч, бас сонин санагдаж байна.
Хоёр сарын өмнө зургаан нас “зооглосон” Ц.Төгөлдөрбаясгалан сурагч болсон анхны өдрөө “Ёстой гоё” гэж тодорхойлов. “Юу нь гоё юм бэ” гэж асуухад хөмсгөө өргөж, нүдээ том болгож ирээд л яг том хүн шиг “Би сурагч болохыг их хүсдэг байсан. Бүүр таван настайгаасаа л тэгж мөрөөдсөн” гэж хариуллаа. Тэрбээр нэлээд өсгөлүүн болоод тэр үү, бусдаасаа илүү бие даасан мэт санагдсан шүү. Эгдүүтэй, том “эр” түүнд амжилт бүхнийг ерөөе.
Хүүхдүүд анги танхимдаа орж, шуугиан бага зэрэг намдсан ч шинэ “цэргүүдийн аав, ээж, эмээ, өвөө нар сургуулийн хонгилоор холхиж, ангийн үүдний завсраар шагайж, зарим нь бүр гэртээ байгаа мэт хаалгыг нь онгойлгож хүүхдээ хараад инээж ч байх шиг. Ингэж “дэггүйтэж” байгаад захирал багшид баригдаад зэмлүүлж ч байгаа харагдсан.
Энэ сургуульд зургаа дахь жилдээ захирлын алба хашиж буй Ц.Алтангэрэл нэгдүгээр ангийнхантайгаа тусгайлан мэндчилж, анги тус бүрт очиж амжилт хүслээ. Тэрбээр “Хүүхдүүд ээ, манай сургуулийг сонгон сурах болсонд талархал илэрхийлье. Та нар сайн сурч, эцэг эхийнхээ ачийг хариулах үүрэгтэй” хэмээн сургаад “Сайн сурна гэж юуг хэлдгийг мэдэх үү” гэхэд багачууд бүгд “Мэднэ ээ” гэж хариулснаа “Муу сурч болохгүй. Муу сурна гэж яахыг хэлдэг юм бэ” гэхэд харин чимээгүй болсон нь эгдүүтэй. Тэгж байтал нэг жаахан “амьтан” “Мэдэхгүй ээ” гэж ганцаараа “шударга” хариулав. Энэ мэт “хөөрхөн” явдал сургуулиар дүүрэн.
Боловсролын тэргүүний ажилтан Ц.Алтангэрэл багштай хэдэн минут ярилцлаа. Тэрбээр ерөнхий боловсролын сургуульд 26 жил ажилласнаас 22-д нь захирлын алба хашиж буй гэсэн.
-Танай сургууль өнгөрсөн хавар хэчнээн хүүхэд төгсгөв. 2016- 2017 оны хичээлийн жилийг хэчнээн хүүхэдтэйгээр эхлүүлж байна вэ. Тэдгээрээс хэд нь нэгдүгээр ангийнх вэ?
-Өнгөрсөн хавар манай сургуулийн 12 дугаар ангийг 133 сурагч төгсөж, элсэлтийн шалгалт өгсөн. Ерөнхий шалгалтын дүнгээр улсын дунджаас дээгүүр буюу 550 оноотой “давхилаа”. Улсын хэмжээнд гуравдугаарт буюу нийслэлийн “Сант” болон Сэлэнгэ аймгийн нэг сургуулийн дараа орсон. Бага ангийн сургалтаараа улсад тэргүүлэгчдийн эгнээнд явдаг. Энэ оны хувьд 1860 сурагчтайгаар энэ хичээлийн жилийг угтлаа. Нэгдүгээр анги маань таван бүлэгтэй. 218 хүүхэд элсэхээс одоогийн байдлаар 208 нь бүрдсэн байна.
-Сургуулийн орчинд бага ангийн тэр дундаа зургаан настнуудын бэрхшээл “зовлон” нь юу байдаг бол?
-Нэгдүгээр ангийнхны аюулгүй байдалд хаана хаанаа анхаарах учиртай. Юуны түрүүнд эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ заавал биеэр хүргэж өгөх ёстой. Хоол ундыг нь идүүлэх хэрэгтэй байдаг. Хоол идээгүй хүүхэд хичээлийн үеэр ухаан алдаж унах явдал гардаг. Цэцэрлэгт хамрагдаж байгаагүй багачууд сургуульд ороод эхэн үедээ уйлж, гэрээ санахаас эхлээд бэрхшээл бий. Мөн хичээлийн завсарлагын үеэр том хүүхдүүд багачуудын хажуугаар өнгөрөхдөө санамсаргүй түлхэх, шүргэх тохиолдолд нөгөөх нь уйлж, айх явдал ч гардаг. Энэ мэт орчны аюулгүй байдал, анги танхим, хамт олондоо дасан зохицох асуудлуудад бид анхаарч ажилладаг.
Тус сургуульд энэ хичээлийн жилд ЮНЕСКО-гийн шугамаар БНСУ-аас хоёр багш ажиллах болжээ. Солонгос хэл болон бага ангийн багш И Жун Габ болон Чон Ён Ток нар хичээлийн жилийн нээлтэд оролцсон юм. Тэд “Монголын хичээлийн жилийн нээлт яг л баяр, наадам шиг болдог нь сайхан юм. Манай улсад нэлээд дээхнэ үед ингэж цэцэг, бөмбөлөгтэй шинэ хичээлээ эхлүүлдэг байсан. Монголын хүүхдүүд болон багш нар их чөлөөтэй, энгийн байгаа нь сэтгэл татлаа. Мөн аав, ээж нар хүүхдээ сургуульд нь хөтөлж оруулаад хамтдаа баярлаж байгаа нь тун эерэг зүйл гэж бодож байна.
Монгол, Солонгос улсын сургалтын системд бага зэрэг ялгаа байна. Жишээ нь, манайд бага, дунд, ахлах сургууль тусдаа учраас сурагчид шилжилт хөдөлгөөн ихтэй. Харин танайд бол бага, дунд, ахлах ангийнхан хамтдаа нэг сургуульд төгстөлөө сурдаг юм байна. Багш нарын хувьд ч ялгаагүй нэг сургуульдаа удаан ажиллах боломжтой гэсэн. Манай улсын багш нар нэг сургуульд 3-5 жил ажиллах журамтай. Тэгээд өөр сургуульд багшилна гэсэн үг” хэмээн ярив.